Мэргэжлийн холбоодыг мэддэг хүмүүст нь үлдээчих
2021-09-13

Улс төр болсон сэдэв, улстөрч оролцсон салбар хэрхэн завхардгийг өнгөрсөн долоо хоногт Монгол даяараа харлаа, ярилаа, хэрэлдлээ. Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өрсөлдөгчгүй сонгогдсоноос хойш энэ холбооны хэрүүл эхлэв. Монголын боксын холбооныхон хэвлэлийн хурал хийж, Э.Цэндбаатар удаа дараа ёсзүйн зөрчил гаргасан, архидан согтуурсан, зодолдсон, багшаа зодсон учраас ДАШТ-ний эрхийг нь хаслаа хэмээн мэдэгдэв. Тэгвэл яагаад удаа дараа зөрчил гаргаж байсан тамирчныг эх орны нэрийг өмнөөс олимпод оролцуулав. Цаашлаад удаа дараа гаргасан зөрчлийг яагаад Х.Нямбаатар холбооны Ерөнхийлөгч болсны дараа дэлгэж, тэмцээний эрхийг хасав. Холбооны өмнөх удирдлагууд юугаа хийж, ширээ бөглөж байв гэхчлэнгээр асуулт мундахгүй. Гэхдээ гол асуудал энэ биш, архидан согтуурч зодоон хийсэн нь хуулийн байгууллагын, том тэмцээний өмнө сахилга хариуцлага алдсан тамирчнаа шийтгэх нь холбооны асуудал.

 

 

Хамгийн гол нь спортын мэргэжлийн холбоодыг улстөр, улстөрчдөөс холдуулж бие даалгах асуудал. Монголын спортын холбоод бүгд улстөрч Ерөнхийлөгчтэй. Монголын үндэсний бөхийн холбооноосоо эхлээд бүгд улстөрчдийн оролцоотой. Энэ мэдээж манай улс спортдоо, тамирчдадаа хангалттай хөрөнгө мөнгө зориулдаггүйтэй шууд холбоотой.

 

Монголын тамирчид олон улсын тэмцээнд оролцохдоо зардал мөнгөгүйддэг зовлонг өнөөдөр ч амсаж байгаа. Олимп, дэлхий, тивийн уралдаан тэмцээнд оролцохын тулд тамирчид мөнгөтэй компани, хүмүүсийг царайчилж, заримдаа эд хөрөнгөө зарж борлуулах, барьцаанд тавих ч тохиолдол бий. Заримд нь бүр зардалгүйгээс болоод тэмцээн уралдаанд оролцож чадахгүй үе ч байгаа. Тиймээс ч спортын холбоод хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй улстөрчдийг барааддаг. Хувиасаа мөнгө өгч гийгүүлээд байхгүй ч эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад хөрөнгө төсөв гаргаж өгнө гэж итгэж найдаж, холбооныхоо хамгийн өндөр суудлыг өгч, эрх мэдлийг атгуулдаг. Тэмцээн уралдааны зардлаас эхлээд улсын төсвөөс хэдэн төгрөг зулгааж, тамирчдад бэлтгэл сургуулилтын ордон барихад улстөрчийн дэмжлэг чухал гэж тэд найддаг.

 

Хэрвээ Монголын төр спортыг, тамирчдаа хангалттай тэтгэж дэмждэг байсан бол спортын холбоод ингэж “гуйланчлахгүй” байсан. Тэд спортоо мэддэг, чаддаг хүнийг холбооны удирдлагаараа сонгож, жаргал зовлонгоо дотооддоо шийдээд явах байв. Бас тамирчнаа олон улсын тэмцээн уралдаанд явуулахдаа хөрөнгө мөнгөтэй хүний халаасанд багтахгүй, өөрийн данснаас зардлыг нь шийдэх байлаа.

 

Тамирчид зардлыг нь даасан компани, хүнд өртэй мэт зовохгүй байв. Тэмцээн уралдаанд амжилттай оролцсон бол зардал мөнгийг нь гаргасан байгууллага, хүнийг заавал дурдаж, талархлаа илэрхийлнэ. Харин амжилт гаргаагүй бол тэднээс уучлал гуйж, мөнгийг нь үргүй зарсандаа гэмшиж харамсдаг. Ийм л гунигт тавиланг Монголын тамирчид үүрч яваа. Энэ бол улстөрчдийг, мөнгөтэй хүнийг царайчлах хамгийн том шалтгаан.

 

Харин тамирчдын, спортын холбоодын энэ зовлон улстөрчдөд бол сэтгэлийг нь чилээх асуудал биш. Аль нэг холбооны Ерөнхийлөгч гэсэн нэр улстөрчдөд халаасан дахь задгай мөнгөтэй нь л адил. Удаа дараа хүсэлт гуйсан болохоор энэ удаа яахав, зөвшөөрлөө хэмээн үнэд орж, зөнд нь хаядаг. Харин тамирчид амжилт гаргавал өөрөө барилдсан, уралдсан мэт алдар хүндээс нь булаацалдах шахам ярьдаг нь ч худал биш.

 

Монголын улстөрчдөд оролцохгүй сэдэв, орооцолдохгүй асуудал гэж алга. Ямар ажил, асуудлыг мэддэг, чаддаг мэргэжлийн хүмүүст нь үлдээж байвал өөрсдөд нь ч амар, өрөөлийн явдалд ч нэмэртэй юм даа. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө бүхний шийдэл биш.

 

Нөгөө талаар спортын холбоод ч хэн нэгэн эрх мэдэлтний бөөрөнд наалдаж, дохио зангаагаар нь ажилладаг арчаагүй байдлаасаа салахгүй бол нэр хүнд гэх зүйлгүй болох нь цаг хугацааны л асуудал

 

М.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин