Хятадын эрчим хүчний хямрал даамжирч байна
2021-10-12

Хятадын зүүн хойд нутагт нүүрлэсэн эрчим хүчний хямрал "эрчим хүчний өлсгөлөн" болно гэж шинжээчид үзэж байгаа талаар ЭКД мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 11-ний өдөр Ляонин мужид хоёр долоо хоногийн хугацаанд тав дахь удаагаа эрчим хүчний аюулгүй байдлын улбар шар төвшинг зарласан байна. Энэ мужид 4,74 сая кВт эрчим хүчний хүчин чадал дутагдсан нь энгийн хэрэглээний 10-20 хувьтай тэнцэх аж.

 

Хятадын зүүн хойд нутгийн гурван мужаас Ляонин муж нь эрчим хүчний томоохон хэрэглэгч юм. Энэ бүс нутгийн цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг нүүрснээс гарган авдаг. Харин нүүрс олборлолтыг багасгаснаар энэ улсын олон цахилгаан станц зогссон юм.

 

Ирэх өвөл Хятадад эрчим хүчний өлсгөлөн нүүрлэж, улмаар аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 12 хувиар буурч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс Хятадын нүүрсний томоохон үйлдвэрүүд байх Шаньси, Өвөр Монгол дахь 200 уурхайг ажлаа түргэвчлэхийг үүрэг болгосон. Гэвч Шаньси мужид үерийн гамшиг тохиож, 60 уурхай ажиллах боломжгүй болсноор эрчим хүчний хямралыг давах ажилд саад болж байгааг шинжээчид онцолжээ.

БНХАУ эрчим хүчний хямралын хор уршигтай нүүр тулав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин