Хямралтай нүүр тулсан Хятад ОХУ-аас авах нүүрс, эрчим хүчээ нэмэгдүүлнэ
2021-10-15

Хятад улсад эрчим хүчний хямрал нүүрлэж, олон муж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүй байдалд орон, улмаар эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амссан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

Нүүрсний хомстлоос үүдэлтэй Хятадын эрчим хүчний хямрал


Улмаар Хятад улс эрчим хүчний хямралыг шийдвэрлэх үүднээс дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үнийг чөлөөлж, ингэснээр цахилгаан эрчим хүчний үнэ 20 орчим хувиар нэмэгдэх нөхцөл үүсчээ. Түүнчлэн хямралыг шийдвэрлэх үүднээс Хятад улс ОХУ-аас тусламж хүссэн байна. 

 

Тодруулбал, БНХАУ Оросын "Интер РАО" компанитай хэлэлцээ хийх үеэрээ 2021 оны 11, 12 дугаар саруудад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэхийг хүссэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

"Албан ёсоор хүсэлт ирж, ийм хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх техникийн боломж батлагдвал 2021 оны дүнгээр Хятад руу нийлүүлэх эрчим хүч дөрвөн тэрбум киловатт-цаг болж нэмэгдэнэ" хэмээн "Интер РАО" компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Энэ сар гарсаар Оросын "Интер РАО" компани Хятад руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ 90 хувиар нэмэгдүүлжээ. Өмнө нь БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээний компани ч мөн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байна. "Амурск-Хэйхэ" цахилгаан дамжуулах шугамаар Оросоос нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ мөн л гурав дахин өсчээ. 

 

Эрчим хүчний хямрал 

Эрчим хүчний хямрал нүүрлэсний улмаас Хятадын засгийн газар нүүрс олборлолтоо нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эрэлтийг хянах төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм. Зарим мужуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээний хязгаарыг тавьсан бөгөөд энэ болон бусад аргаар өвлөөс өмнө хүн амаа эрчим хүч, дулаанаар хангахаар хичээж байгаа юм. 

 

Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид Оросоос авах нүүрс, эрчим хүчний импортоо нэмэгдүүлснээр хомстолтой тэмцэх ажил урагшилж байгаа гэнэ. Хонконгийн South China Morning Post сонины мэдээлснээр Хятад улс цаашид ч ОХУ нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. 


Хятадын Харбин дахь Оросын Ерөнхий консул Владимир Ощепковын мэдэгдсэнээр цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт болон төмөр замын вагонууд хүрэлцээгүйн улмаас Хар мөрөн муж руу нийлүүлэгдэх Оросын нүүрсний импорт 2021 оноос эхлэн 40 хувиар буурчээ. Тэр үеэс хойш импорт сэргэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна. 


“Хятадын эрчим хүчний хангамжийн хомстол Москва, Бээжингийн хоорондын эрчим хүчний эвслийг бэхжүүлэх ёстой. Учир нь Орос бол Хятадын хувьд нүүрс, хий, газрын тосны хамгийн ойрын гадаад эх үүсвэр. Үүнээс үүдээд Монголоор дамжин Хятад руу очих Оросын хийн “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн төслийг Бээжин эцэслэн зөвшөөрөх байх” хэмээн Владивосток дахь Алс Дорнодын холбооны их сургуулийн доцент Артем Лукин “Лента” агентлагт ярьсан байна. 


Хомстолд нэрмээс болсон байгалийн гамшиг 

Есдүгээр сарын сүүлээр Хятадад цахилгаан эрчим хүч хомстсоны улмаас орон сууц, үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчийг салгаж эхэлсэн юм. Ойролцоогоор 20 муж, бүс нутаг эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьжээ. 


Энэхүү хомстол нь Хятадад эрчим хүчний нүүрсний нөөц маш бага төвшинд очсонтой холбоотой юм. Энэ улс экологийн стандартыг чангатгасантай холбоотойгоор нүүрсний үнэ өсөж, улмаар нүүрс хомстож эхэлжээ. Үүн дээр нь цар тахлын үед гадаадын нийлүүлэгчдийн үйл ажиллагаа тасалдаж, импорт багассан нь нөлөөлсөн юм. 


Хятадын эрх баригчид эрчим хүчний хямралыг даван туулахаар нүүрс олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байв. Гэсэн ч энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд байгалийн гамшиг саад болсон юм. 


Хятадын хойд хэсэгт үргэлжлэн аадар бороо орж, үер бууснаар нүүрсний хомтслыг шийдвэрлэх асуудалд дахин бэрхшээл үүсгэв. Энэ улсын нүүрс олборлолтын ихээхэн хувь ноогддог Шаньси мужид үерийн улмаас уурхайнуудын 10 орчим хувь нь хаагджээ. Блүмберг агентлагийн мэдээлснээр 682 уурхайн 60 нь сул зогсож байгаа бөгөөд Шаньси мужид олборлолтын 30 хувь нь ноогддог тул энэ нь ихээхэн таагүй байдлыг үүсгэж байгаа юм. 


Байгалийн гамшиг нүүрлэж, уурхайнууд зогссоноор тус улсын нүүрсний үнэ дахин нэмэгдэж, тонн нь 1,4 мянгад хүрснээр дахин дээд амжилтыг тогтоожээ. Хятадад үүссэн нүүрсний хомстлыг нэн даруй арилгахын тулд хориг тавьсан Австралийн нүүрсний агуулахуудыг ч нээж байгаа гэнэ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Мексик АНУ руу газар доогуур хар тамхины тунел ухсан гэдэг шиг 2 их гүрэн газар доогуур хулгана шиг ухаж газрын гагнаасыг хөеөлж орхих вий дээ...2 км-ын гүнд
2021-10-16
Болд:
Хажууд ийм том худалдан авагч бэлэн байж байхад бид Шивээ овоо дээр болон Таван толгой дээр шууд нүүрсээр ажилдаг Цахилгаан станц байгуулаад эрчим хүчээ экспортлох хэрэгтэйшдээ Үнэхээр дампуурсан төр засаг шүү
2021-10-15