Талибууд хүний эрхийг дээдэлсэн нөхцөлд л ОХУ тэднийг хүлээн зөвшөөрнө
2021-10-21

Афганистанд хяналтаа тогтоож, түр засгийн газар байгуулсан "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид хэлэлцээ хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотод очсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Талибуудын төлөөлөл хэлэлцээ хийхээр Москвад иржээ

 

Хэлэлцээ хийх үеэр Оросын тал Афганистан дахь нөхцөл байдлыг тогтворжуулахад "Талибан" хөдөлгөөнөөс гаргаж буй хүчин чармайлтыг нааштайгаар үнэлсэн байна. Гэхдээ хүний эрхийг дээдлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгч Замир Кабулов уриалжээ.

 

Гагцхүү хүний эрхийг дээдэлсэн нөхцөлд л талибууд олон улсын зүгээс хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болно гэж Замир Кабулов Москва хотноо болсон олон улсын бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Афганистаны ард түмэнд тусламж үзүүлэх зорилгоор хүчээ нэгтгэхийг олон улсад хандан Кабулов уриалсан байна. Афганистаны шинэ засгийн газар хүн бүрт таалагдахгүй байгаа ч засгийн газрыг нь шийтгэвэл ард түмнийг нь шийтгэж байгаа гэсэн үг хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч мэдэгджээ.

 

Москвагийн бага хурлын дүнгээр талууд "Талибан" хөдөлгөөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс ангид байдлаар Афганистантай хамтран ажиллах талаар тохиролцсон байна.Түүнчлэн оролцогчид Афганистан дахь нийгэм эдийн засаг, хүмүүнлэгийн нөхцөл байдал дордож байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэн НҮБ-ын ивээл дор олон улсын доноруудын бага хурлыг нэн даруй зарлан хуралдуулах хамтын санаачилга гаргахыг уриалжээ. 

 

Москвагийн бага хуралд Орос, Талибаны төлөөлөгчдөөс гадна Хятад, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан,  Узбекистан оролцсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин