ДЭМБ: Омикрон штаммаас үүдэлтэй нас баралт бүртгэгдээгүй
2021-11-29

Өмнөд Африкт анхлан дэгдэж, улмаар Европын хэд хэдэн оронд бүртгэгдээд байгаа коронавирусийн омикрон штамм дэлхий даяар тархах эрсдэл өндөр гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

ДЭМБ: Омикрон штамм дэлхий даяар тархаж болзошгүй
 

Энэ штаммын талаарх мэдээлэл одоогоор хангалтгүй, гэхдээ өнөөдрийн байдлаар Омикро штаммын халдвараас үүдэлтэйгээр нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.

 

Энд дуулгахад, дельта хувилбараас ч хурдацтай тархдаг байж болзошгүй шинэ штамм илэрсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгаж байна. Өнөөдөр G7-ийн орнуудын Эрүүл мэндийн сайд нарын шуурхай хурал болж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөхөөр болжээ.

 

Өмнөд Африкийн эмч нарын мэдэгдсэнээр,омикрон штамм нь 20-30 насныхны дунд хурдацтай тархаж байгаа гэнэ. Энэ штаммын халдвар авсан өвчтөнүүдэд дунд зэрэг болон хүндэвтэр шинж тэмдэг илэрч байгаагаас зарим нь эрчимт эмчилгээнд орж байгаа аж.

 

Түүнчлэн, коронавирусийн халдварын түгээмэл шинж тэмдэг болох үнэр амтаа алдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдахгүй байгааг Өмнөд Африкийн эмч нар өгүүлжээ. Гэхдээ шинэ штамм нь ямар шинж тэмдгээр илэрдэг, энэ халдварыг авсан тохиолдолд өвчлөл хүнд, хөнгөн байх эсэх нь тодорхойгүй, энэ мэдээлэл тодорхой болоход дор хаяж 14 хоног шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин