Омикрон штамм хэр аюултай вэ
2021-11-30

Өмнөд Африкт анхлан илэрч, улмаар  хэд хэдэн улсад бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штаммын улмаас дэлхийн улс орнууд Африктай агаарын харилцаагаа зогсоож, Израиль, Япон зэрэг орнууд аль ч улсаас гадаадын иргэн хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Манай улсын хувьд гадаадын иргэдийг хүлээж авахгүй, харин гадны улс орнуудаас ирсэн Монголын иргэдээс нисэх буудал дээр шинжилгээ аван, улмаар тусгаарлах журам гаргасан. Хөрш орнуудад одоогоор омикрон штаммын хувилбар бүртгэгдээгүй, омикрон штамм нь цочирдох шалтгаан биш гэж эрдэмтэд мэдэгдэж байгаа ч анхаарал  сэрэмжээ сулруулахгүй байхыг уриалж байгаа юм. 

 

Энэ шинэ хувилбар хэр аюултай, шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг талаар Оросын Гамалеягийн нэрэмжит төвийн эрдэмтдийн мэдээлэл болон бусад олон улсын хэвлэлийн нийтэлсэн мэдээллүүд дээр тулгуурлан хүргэж байна. 

 

Омикрон штаммын халдварын шинж тэмдэг

 

ДЭМБ Грек цагаан толгойн омикрон үсгээр тэмдэглэсэн B.1.1.529 штамм нь анх Өмнөд Африкт үүссэн. Анхны тохиолдлыг 11 дүгээр сарын 11-ний өдөр Ботсванад бүртгэсэн бол үүнээс гурван өдрийн дараа ӨАБНУ болон Африкаас Хонконгт очсон хүнээс энэ халдвар илэрчээ.

 

Оросын эрдэмтдийн өгүүлснээр энэ штамм нь S-уургийн генидээ ихээхэн мутацитай гэдгээрээ бусдаасаа ялгарч байгаа гэнэ. Ингэснээр энэ штамм илүү халдвартай, хүний биед үүссэн коронавирусийг эсэргүүцэх дархлааг даван туулах чадвартай байж болзошгүй аж. Шинэ штамм ӨАБНУ-д хурдацтай тархаж байгаа бол энэ улсын төв мужид омикрон штамм дельта хувилбарыг шахаж, илүү өргөн хүрээнд дэгджээ.

 

Хэдийгээр   омикрон хувилбар хурдацтай тархаж байгаа ч энэ штаммын халдвар авсан хүний бие харьцангуй хөнгөн байгаа гэнэ. ӨАБНУ-ын Анагаах ухааны холбооны дарга Анжелик Кутзегийн мэдэгдсэнээр, омикрон штаммын халдвар авсан хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буураагүй, тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлага гараагүй гэнэ. 

 

"Омикрон штаммын халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт эмчлэх, хүчилтөрөгч залгах шаардлага гараагүй. Надад үзүүлсэн өвчтөнүүд 2-3 өдрийн дараа эдгэрч байсан. Энэ бүх хугацаанд тэд гэртээ байсан юм" хэмээн Кутзе онцолжээ. Түүний өгүүлснээр, толгой өвдөх, ихээхэн ядарч сульдах нь шинэ халдварын анхны бөгөөд үндсэн шинж тэмдэг болж байгаа гэнэ. 

 

Кутзе эмч омикрон штаммын халдвар авсан 30 өвчтөнг хянаж байснаас нэг нь ч бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдээгүй байна. Түүнд хандсан өвчтөнүүдийн ихэнх нь 40-өөс доош насны эрчүүд байжээ. Омикроны халдвар авсан өвчтөнүүдийн бие зовуурилах, хуурай ханиалгах шинж тэмдэг ажиглагдаж байсан бол цөөн өвчтөн л бага зэрэг халуурсан гэнэ. Харин омикроны халдвар авсан хүмүүсийн нэгэнд нь ч амт, үнэрээ алдах шинж тэмдэг илрээгүй аж. 

 

PCR шинжилгээ шинэ штаммыг илрүүлэх чадвартай

 

Одоо дэлхий дахинд ашиглагдаж буй PCR тестүүд нь шинэ штаммыг танин илрүүлэх чадвартай, түүнчлэн вакцинууд коронавирусийн халдварын хүндрэлээс үр дүнтэй хамгаална гэж ДЭМБ онцолжээ. Энэ байгууллагын таамаглаж байгаагаар өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс омикрон штаммын халдвар авах эрсдэл өндөр байгаа гэнэ.

 

Гэхдээ, шинэ штамм нь илүү хурдацтай тархдаг, омикрон штаммын халдвар авбал өвчин хүндэрдэг эсэх нь одоогоор тодорхойгүй гэж ДЭМБ-ын шинжээчид онцолсон байна. 

 

Омикрон штаммын халдвар авсан анхны тохиолдлууд нь их сургуулийн оюутнууд байсан бөгөөд залуус өвчнийг хөнгөн давдаг тул омикрон штаммын халдварын улмаас биеийн байдал хүндрээгүй, энэ халдвар бусад хүнд хэрхэн нөлөөлдгийг тодруулахын тулд хэдэн долоо хоног шаардлагатай гэж ДЭМБ мэдэгджээ. 

 

"Одоохондоо омикрон штаммаас болж цочирдох шаардлагагүй. Хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар мөрдөхөд л болно. Өөрөөр хэлвэл, вакцин, нэмэлт тунд хамрагдаж, амны хаалтаа сайтар зүүх ёстой" хэмээн ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит төвийн лабораторийн эрхлэгч Владимир Гущин мэдэгджээ.

 

Тэрбээр вакцин тариулаагүй хүмүүсийг дархлаажуулалтад хамрагдах, харин хоёр дахь тунгаа тариулаад хагас жил болсон хүмүүсийг нэмэлт дархлаалжуулалтад хамрагдахыг зөвлөсөн байна. Гущиний өгүүлснээр, коронавирусийг эсэргүүцэх дархлаатай хүмүүс вирусийн бүхий л хувилбарыг ихээхэн саармагжуулах гэнэ.

Омикрон бүртгэгдсэн болон хилээ хаасан улс орнууд

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин