АНУ омикрон хувилбараас сэргийлж, жуулчдыг долоо хоног тусгаарлана
2021-12-02 08:03

Вакцинд хамрагдсан жуулчдад зориулан дахин хилээ нээхээр болсон тухайгаа Америкийн захиргаа мэдэгдсэнээс гуравхан долоо хоног өнгөрсний дараа энэ шийдвэрээ эргэн нэг харахаар болсон гэнэ. Энэ нь коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штаммын дэгдэлттэй холбоотой гэж NBC суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкт ирэх гадаадын иргэдийг хүлээн авах журмаа чангатгахаар болсон талаар пүрэв гарагт албан ёсоор зарлах төлөвлөгөөтэй байгаа аж. 

 

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төвийн мэдэгдсэнээр, вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран бүхий л зорчигчид онгоцонд суухаас өмнө PCR шинжилгээ өгөх хугацааг багасгаж, нэг өдрийн өмнө шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэж өөрчилж байгаа гэнэ. Одоогоор АНУ-д ирж буй вакцинд хамрагдсан жуулчид гурван өдрийн дотор хийлгэсэн шинжилгээний хариутай байх ёстой юм. Мөн вакцинд хамрагдаагүй бол шинжилгээний хариу сөрөг хариу байсан ч АНУ руу нэвтрэх боломжгүй.

 

Түүнчлэн АНУ-д ирснийхээ дараа дахин шинжилгээ өгөх, сайн дураар тусгаарлагдах зэрэг арга хэмжээ нэвтрүүлэх талаар хэлэлцэж байгаа гэж дээрх төвийн захирал Рошель Валенски мэдэгджээ. Вашингтон Пост сонины мэдээлснээр, бүхий л гадаадын иргэд АНУ-д ирснийхээ дараа 3-5 хоногийн дотор зайлшгүй шинжилгээ өгөх журмыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэрт ирж буй гадаадын төдийгүй АНУ-ын иргэд ч долоо хоног тусгаарлагдах журам тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Омикрон хувилбарын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээг зөрчвөл ихээхэн торгууль төлөх шаардлагатай болно гэж сэрэмжлүүлжээ.

Омикрон хурдацтай тархсаар байна 

АНУ омикрон хувилбар анхлан дэгдсэн Өмнөд Африкийн орнуудаас зорчигч хүлээн авахгүй байх шийдвэрийг өмнө нь гаргасан юм. Дэлхийн бусад орнууд ч энэ бүс нутгаас онгоц хүлээн авахгүй, Африкийн орнуудаар дайрсан зорчигчдыг тусгаарлах журам гаргасаар байна. 

 

Омикрон штамм дэлхий даяар хурдацтай тархаж, өдөр бүр л энэ халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар дэлхийн улс орнууд ээлж дараалан мэдэгдсээр байгаа юм. Тодруулбал, 11 дүгээр сарын 29-ний байдлаар омикрон штаммын халдвар Өмнөд Африкийн бараг бүх бүс нутагт дэгдэж, улмаар Их Британи, Бельги, Герман, Чех, Нидерланд, Дани, Австрали, Израиль, Хонконг зэрэг орнуудад бүртгэгджээ.

 

Ийнхүү шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа тул дэлхийн улс орнууд халдварыг тогтоон барих үүднээс улс руугаа зорчигч нэвтрүүлэх журмыг баталж, амны хаалт зүүх журмыг чангатгасан бол Израиль, Марокко, Япон улс зөвхөн Африкаас төдийгүй бүхий л улс орнуудын иргэдийг улсынхаа нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхгүйгээр шийдэн хилээ хаасан юм.

 

Улс орнууд ийнхүү хилээ хааж, аяллыг хориглож байгаа нь омикрон штаммын тархалтыг зогсоож чадахгүй, харин ч нийгэм эдийн засгийн олон хүндрэлийг араасаа дагуулна гэж ДЭМБ мэдэгдсэн. Зорчигчийн урсгалыг хязгаарлахын оронд шинжилгээ авах журмаа чангатгаж, жуулчдыг тодорхой хугацаагаар тусгаарлах нь илүү үр дүнтэй гэж ДЭМБ үзэж байгаа М.

 

Омикрон штамм хэр аюултай вэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин