Шинэ Зеландын албаны төлөөлөгчид Бээжингийн олимпод очихгүй
2021-12-07

Ирэх оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпыг АНУ бойкотлож байгаагаа мэдэгдсэний араас Канад улс ч ийм шийдвэр гаргаж болзошгүй талаарх мэдээлэл гарсан юм. 

 

Энэ мэдээллийн араас Шинэ Зеландын эрх баригчдын төлөөлөл Бээжин хотод очихгүй байх шийдвэр гаргасан талаараа дуулгалаа. Тодруулбал, Бээжингийн Өвлийн олимпод Шинэ Зеландын"сайд нар төвшний төлөөлөл" оролцохгүй гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Грант Робертсон мэдэгджээ. 

 

Гэхдээ энэ шийдвэр нь АНУ-ын зарласан бойкоттой хамааралгүй, харин коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн ийн шийдсэн гэдгийг онцолсон байна.

 

"Хэд хэдэн хүчин зүйл байсан, гэхдээ гол нь коронавирусийн халдвартай холбоотой" хэмээн Робертсон мэдэгджээ. Мөн энэ шийдвэрийг энэ оны 10 дугаар сард гаргаж, Хятадын талд мэдэгдсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, АНУ өвлийн олимпыг дипломат байдлаар бойкотлож байгаагаа зарласан. Гэхдээ энэ нь Америкийн тамирчид тэмцээнд оролцоход хамааралгүй бөгөөд гагцхүү албаны этгээдүүд олимп, паралимпийн арга хэмжээнүүдэд оролцохгүй юм байна. Энэ шийдвэр нь "Шинжаан дахь геноцид болон хүний эрхийн бусад зөрчил"-тэй холбоотой гэж АНУ мэдэгдсэн.

 

Харин үүний хариуд БНХАУ "Америкийн албаны этгээдүүд оролцох эсэх нь олимпыг амжилттай зохион байгуулахад огт нөлөөлөхгүй" гэж мэдэгдээд, АНУ-ын энэ үйлдлийг улс төрийн манипуляци хэмээн нэрлэсэн юм.

БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин