БНХАУ: Олимпыг улс төржүүлэхээ зогсоохгүй бол АНУ-д хариу барина

Ирэх оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпыг АНУ бойкотлож байгаагаа мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын тамирчид олимп, паралимпийн наадамд оролцох ч албаны этгээдүүд наадмын арга хэмжээнд оролцохгүй юм. Энэ нь "Шинжаан Уйгур дахь геноцид болон бусад хүний эрхийн зөрчил"-өөс үүдэлтэй гэж АНУ мэдэгдсэн. АНУ-ын энэхүү мэдэгдлийн дараа Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ "Америкийн албаныхан олимпод оролцох эсэх нь олимпыг амжилттай зохион байгуулахад огт нөлөөлөхгүй" гэж мэдэгдэж байлаа.
БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй
Харин өнөөдөр, 12 дугаар сарын долооны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, спортыг улс төржүүлэх, ирэх өвлийн олимпын наадмыг дипломатаар бойкотлож байгаагаасаа татгалзахыг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жао Лижянь АНУ-д хандан уриалаад, үгүй бол Хятад хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Олимпын наадам нь улс төрийн шоу, манипуляци хийх тавцан биш гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцолсон байна.
"Америкийн улс төрчид "Олимпын харт"-д хохирол учруулж байгаагийн дээр ил тодоор улс төрийн өдөөн хатгалга хийж байна" хэмээн Жао Лижянь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Бээжинд болох өвлийн олимпын наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн өвлийн спортын тамирчид, сонирхогчдын хувьд агуу үйл явдал гэдгийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч сануулаад, улс орны эрх баригч, албаны этгээдүүд биш чухамхүү эдгээр тамирчид, сонирхогчид л наадмын гол хүмүүс гэж онцолсон байна. Мөн олон улс, тэр дундаа Олон улсын олимпын хороо Бээжин-2022 наадамд бэлтгэсэн Хятадын бэлтгэл ажлыг өндрөөр үнэлсэн гэж Жао Лижянь цохон тэмдэглэжээ.
"Олимпын үзэл санааг баримтлан, бүхий л талуудын хамтын хүчин чармайлтаар бид дэлхий дахинд энгийн, аюулгүй, гайхамшигт Олимпын наадмыг харуулж чадна гэдэгт бид итгэж байна" хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн тэрбээр АНУ Бээжингийн олимптой холбоотой байр сууриа өөрчилж,, "нэгдмэл" байх олимпын үзэл санааг илэрхийлэн, спортыг улс төржүүлэхээс зайлсхийх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
"АНУ байр сууриндаа хэвээр зогсвол Хятад улс шийдэмгий хариу арга хэмжээ авна" хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэжээ.
АНУ ийнхүү дипломатаар Бээжингийн олимпыг бойкотлох шийдвэр гаргасны дараа Канадын эрх баригчид ч энэ асуудлыг хэлэлцэж байгаагаа дуулгасан юм. Тэд Бээжингийн олимпыг бойкотлох талаар түншүүд, холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд ойрын үед үүнтэй холбоотой шийдвэр гарч болзошгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ