Эстонийн Ерөнхийлөгч Бээжингийн олимп руу явахгүй
2021-12-13

Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис ирэх оны хоёрдугаар сард Хятадын нийслэл Бээжин хотноо болох өвлийн олимпын наадмын арга хэмжээнд оролцохоос татгалзжээ. Энэ талаар ERR агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Алар Карис "улс төрийн шалтгаанаар" олимп руу явахаас татгалзсан байна. Тэрбээр "хөрш орнуудын тэргүүнүүдийн хамт" ийм шийдвэр гаргасан гэдгээ цохон тэмдэглэжээ. Эстонийн Соёлын яамны мэдээлснээр, тус улсын удирдлагууд наадмын урилга хүлээн авсан ч оролцох эсэхээ хараахан шийдээгүй байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, АНУ Бээжингийн өвлийн олимпыг дипломатаар бойкотлохоор болсон талаараа 12 дугаар сарын зургааны өдөр зарласан юм. Энэ шийдвэр нь Америкийн тамирчдад хамааралгүй, гагцхүү албаны этгээдүүд арга хэмжээнд оролцохгүй юм байна. Ийнхүү бойкотлох болсон нь "Шинжаанд геноцид үйлдэж байгаа болон хүний эрхийн бусад зөрчил"-тэй холбоотой гэж Америкийн эрх баригчид мэдэгдэж байв.

 

Үүний араас, 12 дугаар сарын наймны өдөр Австрали улс энэ бойкотод нэгдэж байгаагаа зарласан. Мөн л тамирчдад энэ шийдвэр хамааралгүй юм байна. Түүнчлэн Канад улс ч олимпыг бойкотлохоор болсон юм. 

 

Их Британи улсын сайд нар олимпын арга хэмжээнд оролцохгүй гэж мэдэгдсэн бол Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Хятадын олимпыг бойкотлож байгааг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн байна. 

 

Харин үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Вань Вэньбинь "АНУ, Канад, Австрали, Их Британи олимп бойкотлосныхоо хариуг хүртэнэ" хэмээн мэдэгдээд, зарим орны албаны этгээдүүд оролцох эсэх нь олимпыг амжилттай явуулахад нөлөөлөхгүй гэж онцолж байв.

Бээжин-2022: Британи, Австрали бойкотод нэгдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Солонгос олимп хийгээл мөнгөтэй болж тэр мөнгөөрөө наргиж хүрэлгүй хөнжилдөө зарцуулсан. Хятад 2008 оны олимп хийгээл их мөнгөтэй болж тэр мөнгөөрөө их хөгжсөн. Япон ч бас олимп хийж мөнгөтэй болсон гэж солонгосын мэдээгээр ярьж байна
2021-12-13