Цагийн хязгаарыг чөлөөлье, хотын дарга аа
2022-01-04

Хотын дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн үйлчилгээг зөвшөөрөл авахгүйгээр эрхлэх боломж бүрдсэн. Иргэн та худалдаа, үйлчилгээний ямар нэг бизнес эрхлэх гэж төрийн олон байгууллагын хаалга татах, гуйж царайчлах, олон өдөр хоног хүлээж цаг алдах шаардлагагүй болсон гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн онуудад караоке ажиллуулахын тулд есөн төрлийн материал бүрдүүлж, нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл авдаг байжээ. Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн зөвшөөрөл авахгүй шаардлагагүй боллоо. Мөн 9 биш 4 төрлийн материалыг цахимаар илгээхэд караоке ажиллуулах боломжтой болох аж. Зөвхөн таны үйлчилгээ стандартын шаардлага хангасан байх ёстой.

 

Энэ бол худалдаа, үйлчилгээний салбарын чөдөр тушааг тайлсан чухал шийдвэр. Мөн өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа авч явах, дээшлүүлэх, цаашлаад ажлын байр бий болгож, татвар төлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрийн асар их дарамтаас чөлөөлсөн том дэмжлэг.

 

Цаашид ч бизнес эрхлэгчдийг чөлөөлсөөр байхаа хотын дарга Д.Сумъяабазар хэлж байна. Өнгөрсөн онд тусгай зөвшөөрлийг цөөлсөн бол энэ удаа стандартыг багасгах аж. Нийслэлд 2500 стандарт байдаг гэнэ. Үүний 50 хувийг шинэчилж, заримыг нь хүчингүй болгох шаардлагатай байгааг хотын дарга хэлж байна. Ингэснээр караоке ажиллуулахад тавьдаг олон шаардлага мөн л багасна гэсэн үг.

 

Харин дараа нь цагийн хязгаарыг чөлөөлье, хотын дарга аа. Цар тахал нэг өдөр дуусна, тэр үетэй зэрэгцэн цагийн хязгаарыг чөлөөлбөл энэ хот “амь” орно. Худалдаа, үйлчилгээ бүхнийг үдшийн 22.00 цагаар хязгаарлах нь бизнесийн боломжийг хаахаас гадна хүний хүсэл хэрэгцээг ч хязгаарлаж байна. Энэ зөвхөн бизнес эрхлэгчдэд ашигтай биш хотоо “амьд” болгох бас нэг арга.

 

Улаанбаатар сая гаруй хүн амтай дэлхийн метрополис хотын нэг. Дээр нь хүн амынх нь ихэнх хувь нь залуучууд. Өөрөөр хэлбэл залуусын хот болсон Улаанбаатарт өдөр, шөнийн ялгаагүй байх ёстой, яг л дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын адил.

 

Бид хаалт, хязгаарлалтын дунд хангалттай их цаг хугацааг үрлээ. Урагш нэг ч алхсангүй. Жил бүрийн он солигдох мөчид төр, засгийн тэргүүд Монгол Улс хөгжлийн гараан дээр зогсч байна хэмээн хэлдэг ч урагшилсангүй, өчнөөн олон жилийг үдлээ. Хэзээ тэр гараанаас хөдлөхийг таахад ч түвэгтэй. Тиймээс улсын хэмжээний мега төсөл биш хот доторх жижиг асуудлуудаа цэгцлээд эхэлбэл магадгүй бид алхам алхмаар урагшлах биз.

 

Өглөөний 11.00 цагаас үдшийн 22.00 цагийн хооронд амьдрал өрнөдөг “унтаа” хотод ажиллаж, амьдрахаас залхсан хэсэг бүлэг нь гадны улс орныг зорьж, илүү боломж нөхцөлийг эрж хайж байна. Товчхондоо энэ хотоос дүрвэж байна шүү дээ.

 

Залуус сонирхолоо, авьяас чадвараа, боломжоо хөгжүүлсэн, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой “амьд” хотод ажиллаж, амьдрахыг хүсэж байна. Ядаж л ном журмын дагуу эхлүүлсэн ажил нь цагт баригдахгүйгээр чөлөөтэй ажиллахыг хүсэж буй.   

Хэрэгтэй, хэрэггүй олон зөвшөөрлийг цуцалснаар бизнес эрхлэгчдийн нуруунаас ямар их ачааг буулгаж, дарамт шахалтыг чөлөөлсөн бол. Харин одоо заавал хоёр сандалтай, хоёр ширээтэй байх ёстой гэсэн стандартуудыг цөөлж, цагийн хязгаарыг чөлөөлөөд өгвөл энэ нийслэл бизнесийн таатай орчинтой, “амьд” хот болон урагш алхах гээд байна.

 

Бизнес эрхлэгчдийг элдэв зөвшөөрөл, шахалт дарамтаас чөлөөллөө гээд төрөөс юу ч унахгүй. Харин ч татвар татаас нь нэмэгдэх нь ойлгомжтой. Хотын даргын бизнес эрхлэгчдэд боломж нээсэн мэргэн шийдвэрүүд цаашид ч үргэлжлээсэй.

 

Б.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Бөөрийг минь 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM би тийм ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай
2022-01-28