Казахстанд хөл хорих цаг тогтоож, жагсаал зохион байгуулахыг хориглов
2022-01-05

Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаагийнхантай мөргөлдсөн хэрэг гарсан. Улмаар Засгийн газар буулт хийхээр болж, хийн үнийг бууруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хийн үнийг эсэргүүцэн 3 өдөр жагссан казахстанчууд санасандаа хүрэв

 

Харин өнөөдөр, нэгдүгээр сарын тавны лхагва гаригт Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зарлиг гарган, Алматы, Мангистауск мужид хөл хорих цаг тогтоожээ.

 

Энэ зарлигийн дагуу Мангистауск муж болон Алматы хотод онц байдал тогтоон, 23.00-07.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоохоор болсон байна. Мөн эдгээр бүс нутгуудад комендатын газар байгуулж, цагдаагийн газрын дарга нар үүнийг тэргүүлэхээр болжээ. 

 

Алматы хотоос гарах, орохыг хориглов

 

Ийнхүү хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн олны давалгаа хүчээ авсан тул хөл хорих цаг тогтоож, онц байдал зарласны дээр Алматы хот руу орох, энэ хотоос гарах хөдөлгөөнийг хоёр долоо хоногийн хугацаанд бүрэн зогсоожээ.

 

"Онц байдлын дэглэм үйлчлэх хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах, тэр дундаа Алматы хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах" хэмээн Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар нийтийн дэг журмыг хамгаалах арга хэмжээг чангатган, төрийн болон стратегийн онцгой объектуудын хамгаалалтыг чангатгахаар болсон байна. Мөн иргэдийн бичиг баримтыг нэг бүрчлэн шалгах, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх аж.

 

Олон нийтийн арга хэмжээг хориглов

 

Хөл хорих цаг, онц байдлын дэглэм тогтоосонтой холбогдуулан Алматы хот болон Мангистауск мужид ажил хаялт, тайван жагсаал, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

 

"Тайван жагсаал цуглаан, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээг хориглох, ажил хаялт болон бусад байдлаар хуулийн этгээдийн үйл ажиллагааг түр зогсоох, тасалдуулахыг хориглосугай" хэмээн Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.

 

Зэвсэг хураана 

Хөл хорих цаг, онц байдал тогтоох үеэр Алматы, Мангистауск мужийн оршин суугчдаас зэвсэг, сум хэрэгслийг түр хугацаанд хураах тушаал гаргажээ.

 

"Зэвсэг, дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хорт бодисын худалдааг хориглож, эм, бэлдмл, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл, этилийн спирт, согтууруулах ундааны худалдаанд хязгаарлалт тавих" хэмээн Ерөнхийлөгчийн тушаалд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин