Хятад дахь хөл хорионы лагериуд

Энэ оны эхээр Хятадын 5,7 сая хүн амтай Сиань хотод коронавирусийн халдвар илэрсний улмаас хөл хорио тогтоосон. Сиань хотод хүмүүсийг олноор нь тусгай "хөл хорионы лагериуд" руу илгээж байгаа гэх дүрс бичлэгийг энэ хотын оршин суугч интернетэд тавьжээ.
Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээллээс харахад, хөл хорионы лагериудын нөхцөл байдал шоронгоос ялгаагүй, ачааны чингэлгийн хэмжээтэй төмөр блокууд, дотор нь жижиг ор, бие засах өрөө болон угаалтуур байх гэнэ. Энд хүмүүсийг 14 хүртэлх хоногоор байлгадаг гэж Сиань хотын оршин суугч ярьжээ.
"Хөл хорионы лагериуд"-д ороогүй хүмүүсийн эрх чөлөөг ч хязгаарласан гэнэ. Анхандаа тэднийг хүнсний дэлгүүр явахыг зөвшөөрдөг байсан бол өнгөрсөн долоо хоногоос шаардлага чангарч, гагцхүү ковидын шинжилгээ өгөх зорилгоор л гэрээс гарахыг зөвшөөрсөн аж.
Сиань хотод нөхцөл байдал хүндэрч, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр өөр бичлэгүүд ч тархсан бөгөөд энэ бичлэг дээр хүнс авахаар гэрээсээ гарсан эрийг эрүүл ахуйн албаны ажилтнууд зодож байгаа нь дүрслэгджээ. Хожим нь эрх баригчид мэдэгдэл хийхдээ оршин суугчийг зодсон ажилтнуудыг шийтгэсэн хэмээн онцолсон байна.
Он гарсаар Хятад улс "тэг ковид" буюу огт халдвар гаргахгүй байх бодлого баримтлан, нийтдээ 20 сая орчим хүн ам бүхий гурван хотыг хөл хорионд оруулсан. Ийнхүү чанга хатуу арга хэмжээ авах болсон нь хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо болох Өвлийн олимпын бэлтгэл ажилтай холбоотой юм.
Хятадын гол боомт хотуудын нэг Тяньжиньд хязгаарлалтуудыг чангатгав
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ