Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрсөнд дэлхийн улс орнууд хэрхэн хандав

Даваа гаригийн үдэш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж, улмаар энэ хоёр улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр баримт бичгүүдийг Төрийн дум, Холбооны зөвлөл соёрхон батлах юм. Харин энэ шийдвэрт дэлхийн улс орнууд хэрхэн хандав?
АНУ: "Бид Оросын зүгээс ийм алхам хийнэ гэдгийг урьдаас мэдэж байсан, мөн хариу өгөхөд бэлэн байна. Ерөнхийлөгч БНДАУ, БНЛАУ гэгдэх бүс нутгуудад Америкийн этгээдүүд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхийг хориглоно" хэмээн Цагаан ордон мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлийн дараахан Байден зохих тушаалд гарын үсэг зуржээ.
Байден хориг арга хэмжээ тавих тушаалд гарын үсэг зурлаа
Бүгд Найрамдах Донецк Ард Улс: "Энэ бол тусламж, дэмжлэгээс ч илүү зүйл. Хүчтэй Оросын Донбассыг бүтээх итгэл найдвар өгөх шийдвэр. ОХУ-ын Ерөнхийлөгч Оросын ард түмний эв нэгдэлд тэмүүлэх хүсэл зоригийг биелүүллээ. Бид Владимир Путин болон Орост талархаж байна" хэмээн Донецкийн тэргүүн Денис Пушилин мэдэгджээ.
НАТО: "Энэ нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг улам бүр алдагдуулж, сөргөлдөөнийг зохицуулах хүчин чармайлтыг тасалдуулахын дээр Орос нэгдсэн Минскийн хэлэлцээрийг зөрчиж байна" хэмээн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Герман: "Украины дорнод хэсэг дэх салан тусгаарлагч "бүгд найрамдах ард улсуудыг" Путин хүлээн зөвшөөрсөн нь "нормандын формат" болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь олон жилийн хүчин чармайлтыг зориудаар үгүй хийсэн хэрэг боллоо. Бид олон улсын эрхзүйг зөрчсөн энэ үйлдэлд хариу өгч, түншүүдтэйгээ хэлэлцэн дараагийн алхамыг хийнэ" хэмээн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгджээ.
Австри: "Украины дорнод хэсэг дэх салан тусгаарлагч бүс нутгуудыг Оросын Ерөнхийлөгч дэмжсэн нь Минскийн хэлэлцээрийг ил тод зөрчсөн хэрэг бөгөөд энхийн шийдлийг хайх дипломат хүчин чармайлтад сорилт боллоо" хэмээн канцлер Карх Нехаммер мэдэгджээ.
Серби: "Хямрал Европын бусад хэсгүүдэд тархах уу гэдэг асуулт нээлттэй үлдэж байна. Путин Ерөнхийлөгчийн шийдвэрийн дараа Сербид ирэх улс төрийн дарамт шахалт нэмэгдэнэ" хэмээн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр "Серби улс Европын зам дээр байх ч ард түмнийх нь 85 хувь нь Оросын талд байдаг" хэмээн онцолжээ.
Нидерланд: "Украин дахь салан тусгаарлагч нутаг дэвсгэрүүдийг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүй, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Минскийн хэлэлцээрийг зөрчсөн хэрэг. Нидерланд энэ үйлдлийг шийдэмгий буруутгаж байгаагийн дээр ЕХ, НАТО-ийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, хариу арга хэмжээ авна" хэмээн Гадаад хэргийн сайд Вопке Хёкстра мэдэгджээ.
Гүрж: "Манай улсын нутаг дэвсгэрийн 20 хувийг эзлэн түрэмгийлсэн 2008 оны үйл явдал давтагдаж, Украины Донецк, Луганск мужуудыг Орос улс "хүлээн зөвшөөрсөн"-ийг Гүрж эрс шүүмжилж байна. Гүрж улс Ерөнхийлөгч Зеленский таныг дэмжиж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, энх тайвныг дэмжиж байна" хэмээн Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Twitter хуудсандаа бичжээ.
Франц: "Оросын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг Ерөнхийлөгч шүүмжилж байна. Энэ нь Орос улс олон улсын үүрэг хариуцлагаа дангаар зөрчиж, Украины тусгаар тогтнолд халдсан хэрэг. Тэр /shuud,mn: Эммануэль Макрон/ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийг шуурхай зарлан хуралдуулахыг уриалж байгаа" хэмээн Елисейн ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Их Британи: "Энэ алхам нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн байдалд цаашид халдахыг илэрхийлж байгаа бөгөөд Минскийн явц төгсөж байгааг илтгэж, НҮБ-ын дүрмийг зөрчиж байна. Энэ нь Орос улс хэлэлцээрийн замаар биш сөргөлдөөнийг сонгосныг харууллаа" хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдсэн байна.
Европын зөвлөл: "Европын зөвлөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжихээ нотлож байна. ОХУ-ыг энэхүү шийдвэрээ цуцалж, цаашид нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийг уриалж байна. Гишүүн орнуудаа сөргөлдөөнийг Европын зөвлөлийн дүрэм, Европын хүний эрхий конвенцид тусгагдсан зарчмуудыг хүндэтгэх дээр суурилсан хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалж байна" хэмээн Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Марии Пейчинович-Бурич мэдэгджээ.
Латви: "ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь 2014 онд Европын хилийг хууль бусаар өөрчилсөнөөр эхэлсэн Украины тусгаар тогтнол, хараат бус байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд үргэлжлүүлэн халдаж байгаа алхам боллоо" хэмээн Ерөнхийлөгч, Сеймийн дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ