Байден: Путин санаатайгаар дайныг сонголоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
"Оросын зэвсэгт хүчний зөвтгөх аргагүй дайралтаас болж хохирж буй Украины ард түмний төлөө өнөөдөр бүх дэлхий залбирна. Ерөнхийлөгч Путин хүний амь сүйдэж, зовлон шаналалд хөтлөх зориудын дайныг сонголоо. Энэ халдлагаас үүдэлтэй үхэл, сүйрлийн хариуцлагыг гагцхүү Орос үүрнэ" хэмээн Байден мэдэгджээ.
Түүнчлэн АНУ болон түүний холбоотнууд нэгдсэн, шийдэмгий байдлаар хариу өгч, Оросыг хариуцлагад татна гэж Байден цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр Цагаан ордноос нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд өглөө болонгуут G7-ийн орнуудын тэргүүнүүдтэй нөхцөл байдлыг хэлэлцэх гэнэ.
ПУТИН ДОНБАССТ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ШИЙДЭВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна. Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэжээ.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ