Украинд 137 хүн амиа алдаж, Орост дайныг эсэргүүцсэн жагсаал болов

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 24-нд шилждэг шөнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн. Тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ "Украиныг эзлэн түрэмгийлэхгүй" гагцхүү "цэрэгжилтгүй, хэт туйлширсан үндсэрхэг үзэлтэнгүй" болгоно гэж онцолж байлаа.
Түүнчлэн "Бидэнд саад болохыг хүссэн хэн бүрт хандан хэлэхэд Орос улс алгуурлалгүйгээр хөдөлж, энэ нь танай түүхэнд байгаагүй үр дагаварт хүргэнэ. Бид үйл явдал яаж ч эргэсэн энэ бүхэнд бэлэн байна" хэмээсэн нь дэлхий дахиныг цочирдуулж байв.
Улмаар Оросын цэргүүд Украины томоохон хотууд дахь цэргийн дэд бүтцэд агаараас цохилт өгч, устгаж эхэлсэн бөгөөд дэлбэрэлт болсны улмаас нутгийн иргэд цочирдож, олноороо гэрээ орхин зугтах, метронд нуугдах зэргээр амь насаа аврахыг оролдож байв. Путин "энгийн иргэдэд ямар ч аюулгүй" гэж мэдэгдсэн ч дайн л болж байгаа хойно хүмүүс цочирдох нь зүй ёсны л хэрэг.
Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна
Одоо Украин, Орост шөнө дунд болж байна. Ойролцоогоор шөнийн 03 цагт дахин дайралт гарч болзошгүй гэсэн мэдээллийг барууны хэвлэлүүд дамжуулжээ. Түүнчлэн Оросын хэвлэлүүдээр энэ шөнө "тусгай ажиллагаа" явагдана гэж мэдээлсэн байна.
137 хүн амиа алдав
Украины Ерөнхийлөгч Оросын түрэмгийллийн эхний давалгааг тогтоож чадлаа хэмээн мэдэгджээ. Энэ байлдааны ажиллагааны улмаас Украины талаас 137 хүн амиа алдсан байна.
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын халдлагын улмаас 137 украин хүн амиа алдсаны дотор 10 нь Украины Зэвсэгт хүчний офицер байгаа талаар Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн энэ улсад бүх нийтийн дайчилгаа зарласан байна. Энэ шийдвэр нь Украинд дайны байдал зарласантай холбоотой. Мөн ийнхүү дайчилгаа зарласан тул 18-60 насны эрчүүдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Тиймээс иргэдийг цочирдолд оролгүй, сайн дураар хил зөрчих гэж оролдохгүй байхыг иргэдэд сануулсан байна.
Орост жагсаал болж олон хүн баривчлагджээ
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Путин Украинтай дайтаж эхэлснийг Оросын иргэд эсэргүүцэн Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг хотуудад ганцаарчилсан эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулсан байна. Харин мөн өдрийн үдэш Москва, Петербург хотуудад олныг хамарсан жагсаал, цуглаан болжээ.
Харин ийнхүү жагсаалд оролцсон хүмүүсийг Оросын цагдаа нар саатуулж эхэлсэн бөгөөд орон даяар 1,5 мянган хүн саатуулагдсан талаар хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна.
Түүнчлэн Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэл гаргахдаа хууль бус арга хэмжээ зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг хариуцлагад, эрүүгийн хариуцлагад ч татаж болзошгүйг анхааруулсан байна. Москва хотын Прокурорын газар ч ийм сануулга өгчээ.
"ОВД-Инфо" төслийн мэдээлснээр Москвагийн цагаар хоёрдугаар сарын 24-ний 22.00 цагийн байдлаар Оросын 53 хотод дайн эсэргүүцсэн жагсаалын үеэр нийт 1500 хүн саатуулагдсан байна. Тэднээс 830 нь Москвад байжээ.
Петербург хотноо болсон жагсаалд Аугаа их Эх орны дайныг үзсэн ахмад хүмүүс ч оролцсон байна.
Тэдний нэг, бүслэлтэд байсан гэгдэх ахмад насны эр "Би дайны эсрэг байна. Би нэг дайны нүүр үзсэн, одоо хангалттай" хэмээн ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Москва, Петербург хотуудад 1000 орчим хүний оролцсон жагсаал болж, хүмүүс "Дайныг эсэргүүцэж байна" хэмээн хашгиралдаж, үүнтэй зэрэгцэн цагдаагийнхан тэднийг баривчилж эхэлсэн байна. Цагдаагийнхан автобустай ирж, хүмүүсийг саатуулан, автобусанд дүүргэж яваад, дахин эргэж ирж баривчилж байсан талаар ВВС агентлаг дамжуулжээ.
Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ