ОХУ, Украин: Хойшлогдсон хэлэлцээ пүрэв гарагт болно
2022-03-03

Гуравдугаар сарын хоёрны өдөр болохоор товлогдож байсан Орос, Украины хоёр дахь шатны хэлэлцээ хойшлогдож, өнөөдөр буюу гуравдугаар сарын гуравны өдөр зохион байгуулагдахаар болсон талаар Орос, Украины хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Шинэ хэлэлцээ Беловежийн төгөлд болно гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия энэ мэдээллийг няцаасан байна. Хэлэлцээ болно, гэхдээ өөр газар болно хэмээн тэрбээр Фейсбүүк хуудсандаа бичжээ

"Беловежийн төгөлд хэлэлцээ болно гэсэн мэдээлэл ташаа. Үнэхээр хэлэлцээ болно, гэхдээ өөр газарт. Илүү дэлгэрэнгүйг хожим мэдээлнэ" хэмээн Давид Арахамия бичжээ.

 

Харин үүнээс өмнө, Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Беловежийн төглийг хоёр тал зөвшилцөн хэлэлцээ хийх газраар сонгосон хэмээж байлаа. 

 

Ямар асуудал хэлэлцэх вэ? 

 

Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский өмнө нь мэдээлэхдээ Украинтай хийх хэлэлцээний үеэр гал зогсоох асуудлыг хэлэлцэнэ хэмээж байв. Өмнөх хэлэлцээний үеэр нэн даруй гал зогсоох горим тогтоохтой холбоотой хэд хэдэн саналыг Оросын тал тавьсан хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

 

Түүнчлэн, гуравдугаар сарын хоёрны өдөр хоёр дахь шатны хэлэлцээ болно гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр тарсны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоосон нөхцөлд хэлэлцээ хийх боломжтой хэмээн мэдэгдэж байв.

 

"Ядахнаа хүмүүсийг бөмбөгдөхгүй байх, зүгээр л бөмбөгдөлтөө зогсоох хэрэгтэй. Харин дараа нь хэлэлцээний ширээний ард сууна" хэмээн Зеленский мэдэгдэж байлаа.

 

Хэлэлцээ хойшлогдсон нь 

 

Украины Дээд Рад дахь "Ард түмний зарц" фракцийн тэргүүн, Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия Оростой хийх хэлэлцээ гуравдугаар сарын хоёрны өдөр болно гэж баталж байв. Хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч баталж байлаа.

 

"Манай төлөөлөгчид өнөө орой яриа хэлцлээ үргэлжлүүлэхэд бэлэн болно" хэмээн Дмитрий Песков мэдэгдэж байв.

 

Гэвч  үүний дараа, гуравдугаар сарын хоёрны өдөр хэлэлцээ зохион байгуулагдаж амжихааргүй болсон талаарх мэдээлэл гарч эхэлсэн юм. 

 

Украины төлөөлөгчид гуравдугаар сарын гуравны өдөр хэлэлцээ хийх газар ирнэ, Украины тал Киевээс гарсан, гуравдугаар сарын гуравны өглөө ирнэ гэж Оросын төлөөлөгч Владимир Мединский мэдэгдсэн юм. 

 

Мединскийн өгүүлснээр, Оросын цэргийн алба хаагчид Украины нутаг дэвсгэр дээгүүр төлөөлөгчид зорчиход зориулан аюулгүй байдлын коридор гаргасан байна. 


Эхний шатны хэлэлцээ 

 

Оросын "цэргийн тусгай ажиллагаа" эхэлснээс дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Орос, Украины хэлэлцээ эхэлсэн. Хэлэлцээ Беларусийн Гомель мужид, Припять голын эрэг дээрх "Загасчны байшин" гэж оролцогчид нэрлэсэн нууцлагдсан байршилд болж өнгөрсөн юм. 

 

Хэлэлцээ Москвагийн цагаар 14:00 цаг орчимд эхэлж, таван цаг үргэлжилсэн.

 

Москвагийн талаас ирсэн төлөөлөгчдийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтсан юм.

 

Харин Кеивийн талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк, Дээд Радын гишүүн Рустем Умеров болон Гурван талт бүлгийн Украины төлөөлөгчдийн нэгдүгээр орлогч Андрей Костин нар хэлэлцээнд орж байв. 

 

ОХУ, Украин: Хэлэлцээний эхний шат өндөрлөв
 

Украин, Беларусийн хил дээр болсон Орос, Украины хэлэлцээ өндөрлөлөө. Энэ хэлэлцээ дундаа завсарлагатайгаар таван цаг үргэлжилжээ.Хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон хэлэлцээ нь гагцхүү эхний шат хэмээн талууд мэдэгдсэн юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-03