Хүүтэй ээжийн сэтгэл зовнил
2022-03-03

 

Хүүгээ цэцэрлэгийн наснаас нь эхлээд л “давтаж” ирсэн. Охидын биед хүрч болохгүй. Цохиж бүр болохгүй. Тэд эмэгтэй учраас эмзэг, илүү их өвдөнө. Сургуульд орсных нь дараа ч энэ үгээ давтаж, айлын охидыг өөрийн хүүгээсээ дээгүүр тавьж ирсэн. Хүү минь хэдийнэ өсвөр насанд ирж, харилцаагаа өөрөө жолоодоод явах хэмжээнд хүрсэн ч айлын охидыг хүүгээсээ “хамгаалдаг” хэвээр. Ангийн охид нь муухай үгээр дайрч давшилсан гэнэ. Гудамжинд дуудаад яваад очингуут зайл зайл гээд өөр үгийн зөрүүгүй шууд хөөсөн л гэнэ. Хөвгүүдийн биед хүрэх энүүхэнд бүр толгой тархигүй цохидог л гэнэ. Энэ мэтээр маш олон удаа тун таагүй зүйлс сонсогддог ч “миний хүү бол эр хүн” гээд өнгөрөөдөг. Нас биед хүрээд эмэгтэй хүнтэй муухай харьцдаг, эхнэр хүүхдээ зовоодог болчих вий гэсэндээ арав гаруйхан настай хүүхэдтэйгээ архи дарс, хүчирхийллийн тухай ярьж, ойлгоход хүнд сэдвээр ачаалал нэмдэг. Энэ мэтээр айлын охидыг өөрийн хүүгээсээ “хамгаалдаг” ээж нар олон бий байх. Хүү нь зах замбараагүй, хүмүүжилгүйдээ биш эмэгтэй хүнийг хүндэлж, хайрладаг нэгнийг бий болгохын тулд ээжүүд хүүгээ хар багаас нь “давтдаг”.

 

Харин охид!!! Эмзэг турьхан гэж хүний, өөрийн ээжүүдээр өмгөөлүүлж, хамгаалуулсаар аймшигтай зэрлэгүүд болон хувирч буйг бид харж байна. Хар нялхаас нь охин юм чинь ааштай байх нь аргагүй гэж өхөөрдсөөр нэг л мэдэхэд өөрөөсөө бусдыг хүн гэж хардаггүй адгуус болчихож байна.

 

Ямар сайндаа л өөдөөс нь харсан хүний толгой дээр халуун кофе асгачихаад гэмшсэн шинжгүйгээр олон нийтийн сүлжээгээр тавлаж байхав. Тэгээд эцэг эхээрээ түрүү барьж, мөнгө төгрөгөөр халхавчилж доромжилж байна. Юун гэмшилт, юун уучлал. Хүний ёсоор бол харамсаж, уучлал гуйх ёстой. Харин тэр охинд тийм сэтгэл алга. Харин ч өөрийгөө өмөөрч, хийсэн үйлдлээрээ олон нийтийн сүлжээний дагагчаа нэмж байгаадаа сэтгэл хангалуунаар инээж байна. Энэ бол наад захын жишээ, ийм харилцаа, хандлагатай мянга мянган охид бий. Тэд бусдыг шархлуулахыг, гомдоохыг, өвтгөхийг юман чинээ боддоггүй. Харамсалтай нь бид тэднийг бий болгосон.

 

Төрсөн цагаас нь эхлэн хүүгээс илүү үзэж, илүү хайрлаж, илүү энхрийлсэн. “Охин” учраас ааш гаргаж болно, гэм хийсэн ч яахав. Охин учраас бүгд түүнийг өмгөөлж, хамгаалж, хайрлаж, уучлах ёстой. Тэр зөвхөн хамгаалуулж, хайрлуулж, хүндлүүлэхийн төлөө төрсөн. Айлын хүүг гомдоосон ч хамаагүй, охин давуу эрхтэй байх учиртай. Өөрийн эцэг эхээс гадна айлын хүүгийн ээж ч охидыг ил, далд өмгөөлж хамгаалдаг.

 

Хүний, өөрийн хүн бүхний энэ хайр энэрэл эцэстээ зарим охидыг уян зөөлөн сэтгэлтэй, эмзэг турьхан эмэгтэй биш энэрэх сэтгэлгүй адгуус болгон хувиргадаг байх нь. Хайр энэрэлд хариу барьдаггүй, хүнээс зөвхөн авдаг, өгөхийг мэддэггүй. Бодож тунгаадаггүй, гэмших сэтгэлгүй, хүн чанаргүй, хүний өвдөлт, зовлонгоор зугаацдаг. Ийм л хүн сургийг бий болгож.

 

Тиймээс охидтой эцэг, эхчүүдээс хичээнгүйлэн хүсье, охидоо хүмүүжүүл. Тэдэнд хүн байхыг зааж сурга. Эмэгтэй гэсэн хүйс бүхнээс давуу эрхтэй байх ёсгүй. Гэм зэм бүртээ уучлагдаж, зүгээр өнгөрөх ёсгүй. Охин, охин гэж тархин дээрээ замилуулсаар эцэст нь толгойг чинь залгих аймшигтай харгис, хэрцгий нэгнийг бий болгож байгаа юм биш биз!

 

Хүүгийнхээ ирээдүйд санаа зовниж байна. Ийм хүн сүргийн дунд амьдрах ямар аймшигтай байх бол!

 

Уг нь хайр хэтэрдэггүй, хальж асгардаггүй. Харамсалтай нь хайрыг даадаг бас даадаггүй хүн гэж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Бодох л асуудал. Охидоо хэт танхил цамаан эдийн сонирхолтой болж өсгөдөг айл олон
2022-03-03