Шууд эфирийн үеэр дайн эсэргүүцсэн редакторын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ

Оросын төрийн телевиз болох "Первый канал" сувгийн "Время" мэдээллийн хөтөлбөрийн үеэр энэ телевизийн редактор Марина Овсянникова хөтлөгчийн ард гарч ирэн, дайн эсэргүүцсэн бичиг барин зогссон нь дэлхий даяар шуугиан тариад байна.
Тэрбээр "Дайныг эсэргүүцэж байна. Та нарт худлаа хэлж байна" гэх зэрэг үгс бичсэн цаас барин зогссон бөгөөд удалгүй баривчлагдан саатуулагдсан юм.
Улмаар Марина Овсянниковаг 30 000 рубль (shuud.mn: монгол мөнгөөр 700 мянга орчим төгрөг) -р торгосон талаар Медуза сайт мэдээлжээ. Түүнийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан хэрэгт буруутай хэмээн Остакиний дүүргийн шүүх үзсэн байна.
Түүнд оноосон энэхүү шийтгэл нь дайныг эсэргүүцсэн арга хэмжээ биш харин тэрбээр дайныг эсэргүүцэхийг уриалсан дүрс бичлэг хийснийх нь төлөө оноосон шийтгэл гэнэ. Марина шууд эфирт гарахаас гадна дайн эсэргүүцэж, иргэдийг эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалан видео бичлэг цацсан бөгөөд үүнийхээ төлөө торгуулсан байна.
Харин шууд эфирээр гарсан хэрэгтэй нь холбоотойгоор, Оросын цэргүүдийн тухай "хуурамч мэдээллийг санаатайгаар олон нийтэд тараасан" гэх эрүүгийн хуулийн заалтаар мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Энд дуулгахад, редактор Марина Овсянникова ийнхүү шууд эфирийн үеэр эсэргүүцэл илэрхийлсэн нь олны анхааралд ихээхэн өртсөн юм. Тэрбээр шууд эфирээр гарахаас өмнө хийсэн видео бичлэгтээ "Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд би Кремлийн суртал ухуулгыг түгээж, Первый канал сувагт ажиллаж байсан, одоо үүнээсээ ичиж байна. Орос хүмүүсийг зомби болгож байсандаа ичиж байна" гэхчлэн ярьсан.
Түүнийг ийнхүү дайн эсэргүүцсэнийг Москва болон Киев өөр өөр байр суурьтайгаар хүлээн авсан юм.
"Первый канал" болон энэ сувгийн хөтлөгчид чанартай, шуурхай, цаг үеийн, бодит мэдээллийг хүргэдэг. Энэ бүсгүйн тухайд гэвэл ердөө л танхайрал" хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн.
Харин Украин болон барууны орнууд редактор Марина Овсянниковагийн үйлдлийг ихэд талархан, дэмжиж хүлээн авсан юм.
"Үнэнийг хүргэх гэж хичээсээр байгаа оросуудад би ихээхэн талархаж байна. Худал мэдээлэлтэй тэмцэж, үнэнийг, бодпит баримтыг найз нөхөд, ойр дотныхондоо ярьж байгаа хүн бүрт талархаж байна. Мөн Первый канал сувгийн студид дайныг эсэргүүцсэн хуудастай гарч ирсэн тэр бүсгүйд хувиасаа ихээхэн талархаж байна" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
ВИДЕО: Шууд эфирээр дайныг эсэргүүцжээ
Оросын төрийн телевиз болох “Первый канал” сувгийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн үеэр тус телевизийн нэгэн ажилтан дайныг эсэргүүцжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ