Лавров: ОХУ, Украины хэлэлцээ хурдан дуусах нь АНУ-д ашиггүй

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын цэргүүд Украин руу довтолж, улмаар ОХУ, Украины хооронд дайн дэгдсээр сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анхны хэлэлцээгээ хийж байлаа. Тэр үеэс хойш гурвантаа хэлэлцэж, улмаар цаашдын хэлэлцээ цахим хэлбэрт шилжсэн юм. Гуравдугаар сарын 23-ны өдөр Украины Ерөнхийлөгчийн захиргаа сөргөлдөгч талуудын яриа хэлэлцээний талаар байр сууриа илэрхийлж байсан бол энэ удаад Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэлцээтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, Орос, Украины хэлэлцээ аль болох хурдан дуусах нь АНУ-д ашиггүй гэнэ. Энэ хооронд АНУ зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлнэ гэж Лавров мэдэгджээ.
"Биднийг байлдааны байдалд удаан тогтоон барихыг маш ихээр хүсэж байгаа нь илт байна. Яах вэ, бидэнд эрүүл мэнд, туршлага, эр зориг ч байна" хэмээн Лавров Москвагийн Олон улсын харилцааны улсын их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Түүнчлэн Орос, Украины хоорондын хэлэлцээ хүндхэн үргэлжилж байгааг Лавров онцолсон байна. Энэ хэлэлцээнд барууны орнууд зуучлагчаар оролцохыг Орос улс эсэргүүцэхгүй байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.
"Хэлэлцээ эхэлсэн, тун хүндхэн үргэлжилж байгаа. Учир нь Украины тал хэлэлцээний үеэр тохиролцох ёстой асуудлуудын талаар ойлгосон ч байр сууриа байнга өөрчилж, өмнө нь тавьсан саналуудаасаа татгалзаж байгаа" хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.
ОХУ, Украины хэлэлцээ
Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойших тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу талуудын анхны хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэр дээр болсон юм. Москвагийн талаас ирсэн төлөөлөгчдийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтсан юм.
Харин Киевийн талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Батлан хамгаалахын сайд Андрей Резников, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк нар Украиныг төлөөлж байлаа.
Хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын гуравны өдөр мөн л Беларусийн нутаг дэвсгэр дээр болж талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцсон юм. Харин гуравдугаар сарын долооны өдөр Беловежийн төгөлд болсон гурав дахь шатны хэлэлцээгээр талууд мөн л үр дүнд хүрээгүй, хүмүүнлэгийн коридор байгуулах тал дээр багахан ахиц гарсан гэж мэдээлж байлаа.
Энэ үеэр Турк улс санаачилгыг гартаа авч, гуравдугаар сарын 10-ны өдөр Анталья хотод Украин, Оросын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан юм. Гэсэн ч энэ хэлэлцээ мөн л үр дүнд хүрээгүй.
Талуудын шаардлага
Талууд ээлжит хэлэлцээгээ даваа гаригт дахин цахим хэлбэрээр зохион байгуулж, 1,5 цаг гаруй хугацаанд хэлэлцсэн юм. Уулзалтын дараа мөн л дэлгэрэнгүй мэдээллийг хоёр тал өгсөнгүй. Хэд хоногийн өмнө Владимир Зеленский хэлэлцээний явцын талаар тайлбарлахдаа телевиз, радио эсвэл фейсбүүкээр ярихын оронд чимээгүйхэн ажиллах нь зөв зүйтэй хэмээн онцолж байсан юм.
Төлөөлөгчид хоёр талын байр суурийг тохиролцох хүртэл хэлэлцээний агуулгыг нийтэд зарлахгүй гэж тохиролцсон талаар хэлэлцэгчид удаа дараа мэдэгдэж байсан ч Украины талын шаардлагын талаар Михаил Подоляк хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.
"Хэлэлцээний ширээнд төрөл бүрийн саналууд маш олон байгаа. Тэр дундаа улс төрийн байдлаар, мөн цэргийн байдлаар нөхцөл байдлыг зохицуулах санал ч байгаа. Тодруулбал, гал зогсоох, цэргээ гаргахтай холбоотой саналууд гэсэн үг" хэмээн Подоляк Оросын КоммерсантЪ сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Москвагийн тавьсан шаардлагуудын дунд "үндсэрхэг үзэлтнүүдийг үгүй болгох" гэсэн шаардлага багтаж байгаа. Харин одоо энэ шаардлагыг тавихгүй байгаа гэж Подоляк өгүүлж байв. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ Москва Украины эрх баригчдыг солих бодолгүй, Оросын цэргүүд Украиныг эзлэх төлөвлөгөөгүй хэмээн онцолж байсан юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Украиныг Австри эсвэл Швед хувилбараар цэрэгжээгүй, төвийг сахьсан улс болгох талаарх асуудлыг хэлэлцэж байгааг онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ