Нью-Йоркийн метронд иргэдийг буудсан хэрэгт 62 настай иргэнийг сэжиглэж байна
2022-04-13

АНУ-ын Нью-Йорк хотын метронд зэвсэгт этгээд зорчигчид руу гал нээж, олон хүнийг шархдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нью-Йоркийн метронд зорчигчид руу халдаж, олон хүн шархаджээ

Энэ хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог хэвлэлүүд 29, 16 гэх мэтээр өөр өөрөөр мэдээлж байлаа. Харин Нью-Йорк хотын цагдаагийн газар хохирсон хүмүүсийн тоог эцэслэн гаргасан бөгөөд цагдаагийн дарга Кишант Сюэлийн мэдэгдсэнээр хэргийн улмаас 23 хүн хохирчээ.

 

Сюэлийн онцолсноор, галт зэвсгийн шарх авсан хүн нь 10, бусад нь утаа болон цочирдлын улмаас үүссэн олны хөлд гишгэгдэн дарагдах зэргээр гэмтсэн байна. Хэргийн газраас сүх, буу, бензинтэй сав, пиротехникийн хэрэгсэл бүхий цүнх олдсон гэдгийг Цагдаагийн газрын дарга мэдээлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийнхан 62 настай, өнгөт арьст Фрэнк Жеймс гэх иргэнийг эрэн сурвалжилж байгаа аж.

 

Нью-Йоркийн цагдаагийн газрын мэдээлснээр, сэжигтэн этгээд гал нээхээс өмнө хоёр утаат бөмбөг шидэж, дараа нь буугаа гаргаж ирэн, дор хаяж 33 удаа буудсан гэнэ. 

 

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ын Консулын газрын мэдээлснээр, Нью-Йорк хотод Монголын 400 иргэн оршин суудаг, тэд энэ халдлагад өртөөгүй байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин