Намуудын өрсөлдөх чадвар ба 2024 оны өнгө
2022-04-27

Сонгуульдаа бэлдсэн жижиг сажиг үйлдлүүд гаргах нь мэр сэр боллоо доо, дарга нар маань. Энд тэнд бяцхан халаа солио явуулаад л. Энд тэнд гэх юу байх вэ, өөрийнхөө тойрог дээр л дээ. Өөрийнхөө хүмүүсийг тавьж эртхэн баг, хамт олноо бэлдэж байгаа нь тэр. Одоо тэгээд бөөн бөөнөөрөө сүрэг ялаа гэссэн юм шиг л хөдөлгөөнд орно. Нэр дэвшигчид ч нэг иймэрхүү. Харин намууд ямархуу байдлаар сонгуульдах бол?

 


Хамгийн мундаг нь мэдээж эрх баригч Монгол Ардын Нам байж таарна. Гэхдээ энэ нь чамбайхан агаад нүнжигтэйхэн бэлдэнэ гэсэн болохоос биш баараггүй ялна гэсэн үг биш. Ард түмэн бас уйддаг юм. Уйдахаараа зүгээр л очоод эсрэг намыг дугуйлчихдаг юм. Бас өрөвч гэдгийг нь яана. Ардчилсан нам хэдэн жил хаяа хатавчинд цагираглав даа, эвий эвий.

 

Ардчилсан нам сонгуульд

 

 

Эрдэнэ даргатай АН лав өөрийн нэрээрээ сонгуульдаж таарна. Тамгатай юм чинь дээ. Гэхдээ нөгөө талтайгаа нэгдэх гэж хичээх байх. Ядаж бүлэг байгуулчихын тулд өштнөө өвөртлөх юу ч биш. Гэхдээ энэ феодалууд нийлж чадсан ч бусад жижиг намууд нь “зоосны нүхээр цувуулж алав” гэдэг шиг тал талаас нь саналыг нь зулгаачихдаг хуучтай. Тиймээс уламжлал ёсоор баахан жижиг намуудыг бөөгнүүлэх гэж хичээх байх. Гэвч тэднийг нь МАН өрсөөд худалдаад авчихдаг онцлогтой. Цаг хугацааны хувьд түрүүлээд гэхээсээ үнэ цохиод авчихна. Толгойд нь ХҮН нам, удаад нь Ногоон нам гээд үргэлжлэнэ. Энэ жижиг намуудыг буруутгах аргагүй. Ялангуяа хонгилын гэрэл харчихсан ХҮН-ыг. Ингэс тэгэс гэж эрх баригч том намыг бараадаж байгаад санхүүгээр бэхжээд авах нь зөв.

 

Гэвч Женко тэргүүтэй нөгөө АН өөрийн гэсэн бодолтой дог. Саяхан болж өнгөрсөн сунгаа гэгчийн өмнө Ардчилал Шинэчлэлийн Нам байгуулчихсан шүү дээ. Энэ бол Х.Баттулга гуайн нам. Гэхдээ энэ нам бүх намуудын жагсаалтын хамгийн сүүлд бичигдэнэ. Гучин хэд дээр, бараг дөч дээр ч юм уу. Сонгуульд орохын ч хэрэггүй. Тиймээс энэ нэг их үнэмшилтэй институт болж явна гэж байхгүй. Харин өөр нэг хувилбар яригдсан нь Баттулга гуай ИЗНН-ыг худалдаж авах тухай яриа. Хэрэв тэгж гэмээнэ жагсаалтын 3-т бичигдэнэ. Энэ бол яаж ч байсан асар аймшигтай байршил. МАН-тай зүйргүй том тоогоор наймаалцна. Өөрөө нэр дэвшинэ. Өөрөөс нь дутахгүй чухал олон том нүүр царай бий. Магад шууд бүлэг байгуулна. Магад шаантаг болно. Энэ бол аль ч нам дангаараа засаг байгуулж чадахааргүй суудал авсан тохиолдолд дүүжин даажингийн тэхий голын байрлал. Энэ бол Эльдорадо!

 

Монгол ардын нам сонгуульд

 

 

Эднийх хэзээний асар өндөр хариуцлагатай институт. Гэлээ гээд ард түмний сэтгэл нэг эргэвэл буцаж харах биш дээ. Аймшигт ковид өнгөрчихсөн. Дайн ч дуусч таарна. Гай гамшгаас хамгаалсан ард түмний инстинкт буурна. Гэтэл эдийн засгийн хямрал одоо л дөнгөж эхэлж байдаг. Ядуурал аажим аажмаар боомилно. Нөгөө инстинкт нь уур бухимдлаар солигдоно. Саяхан Ажлаа хий хэмээх “жагсаал зохион байгуулж” нийгмийн бухимдлыг хэсэгтээ амраасан боловч удахгүй дахин зангирна. Тэр үед нь ахиад л “ажлаа хий” гэж орилуулах юмуу яах юм. 

 

Цагдаа, хуулийнхан нь хүний эрхийн наад захын мэдрэмжгүйгээ дахин дахин гайхуулсаар. Удахгүй популизмын дэлхийн аварга гишүүд нь гарч ирэн иргэдийн дотрыг бэлбэгнүүлэх биз. Гэхдээ энэ бол хотынхны, нарийн яривал цөөнхийн л асуудал. Харин гэр хороололд болон хөдөө илүүтэй амьжиргааны талаа харна.

 

Аймгуудын өрсөлдөх чадвар гэж нэг судалгаа гардаг. Ерөнхийдөө эдийн засгийн чадавхийг нь харна. Гэхдээ хамгийн түрүлсэн, сүүлдсэн хоёр нь чанарын том ялгаагүй. Мэдээж Өмнөговийнхон бол хүний царай харах нь гайгүй. Бусад аймаг сумд ёстой шуудай гурилаас эхлээд зам гүүр барьснаар санал нь эргэлдэнэ дээ.

 

Өнгөрсөн, өнөө хоёр жил ихэнх аймгуудад сургууль, цэцэрлэг шинээр төлөвлөгджээ. Бас хэд гурван сумдын гол дээгүүр гүүр барих аж. За тэгээд л бөөн барилга байшингийн ажил харагдана. Нэр дэвшигчийн тараах материалд зураг нь орох ч яг амьдралд ямар үр шимтэйг нь ойлгохгүй хоцорно. Үнэндээ ихэнх нь хэрэгцээгүй хоосон орхигдох нь их шүү дээ.

 

Орон нутагт явагдах бүтээн байгуулалтуудын дотор Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт Хүүхдийн парк байгуулах гэдэг хөөрхөн ажил цохиж явна. Таван тэрбумын өртөгтэй. Энэ мэт өвөрмөц бүтээн байгуулалтууд байхын хажуугаар сум, баг болгонд нэг өргөтгөл, эсвэл нэг тохижилт байдаг ёс. Соёлын төвийнх байх нь элбэг.

 

Эмнэлэг барьсан нутгийнхан бол саналаа баараггүй өгч таарах байх. Харин тэндхийн Ардчилсан намынхын нь “идсэн уусан” гэж жоол давшлах болов уу. Заа даа, өнгөрсөн жилүүдэд МАН-нхын тус тусын АН-ынхнаа худалдаад авчихсан сурагтай байгаа, гайгүй ч биз дээ.

 

Нөгөөтэйгүүр төрийн тэргүүний төрсөн нутгийнхан хэзээнээс башийдаг уламжлалтай. Нэгэн цагт Ховд, дараа нь Баянхонгор жигтэйхэн “тохижиж” байсан бол одоо Хэнтийнхний нар гарч байна. Эмнэлэг, Иргэдэд үйлчлэх төв хоёр нь бараг сум болгонд сүндэрлэж байна. Сонгогчдын яг л “цэг” дээр нь хатгаж байгаа нь энэ. Бусад аймгуудаас Ховд жаахан нааштай харагдаж байгаа. Учир нь тэнд Хөшөөтийн нүүрсний уурхайн Шахмал түлшний үйлдвэр, мөн Эко цементийн үйлдвэрүүд баригдаж буй. Баригдаж байхдаа л хэдэн зуун ажлын байр үүсгэдэг бүтээн байгуулалтууд. Ашиглалтад ороод ч тогтвортой ажлын байртай болж буйгаа иргэд эрхбиш ухамсарлана.

 

За тэгээд сонгууль болтол яг л хоёр жилийн хугацаа үлдлээ. Эрх баригчид зарим чухал төслүүдээ гамнаж байгаад “цаг нь болохоор” задлах биз.  

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголчууд нэг царай өгөхөөр давардаг галзуу өвчтэй улс учраас дахин улсаас хөнгөлөлтүүд үзүүлээд хэрэггүй.
2022-04-27
Иргэн:
Танай сэтгүүлчид чинь дэмийрлийн дээд түвшинтэй юм уу аль эсвэл улс төржиж бичихэд америкчууд их мөнгө өгдөг юм уу?
2022-04-27
Nam bus irgen:
XYH namin zaluuchuudad sanalaa ugnuu. Bas shudarga biye daagch nart.
2022-04-27
Зочин:
Ер нь ажлын байр шударга ёс хоёр л санал авна даа.
2022-04-27
Ogoomor zahiin dalii dashaa hogiin hulgaich shuu
2022-04-27
Ман 24-онд Нам унана
2022-04-27
МАН цахилгаан дулааны асуудал шийдэхгүй бол олонхи болдог үе дуусна
2022-04-27
Иргэн:
Монголчууд нэг царай өгөхөөр давардаг галзуу өвчтэй улс учраас дахин улсаас хөнгөлөлтүүд үзүүлээд хэрэггүй.