Канад Путиний эсрэг хориг тавьж, АНУ ОХУ-ын гэмт хэргийн нотолгоог цуглуулахаар болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа халдсанаас хойш 84 өдөр өнгөрлөө.
Энэ хугацаанд барууны орнууд дайнаа зогсооход нь нөлөөлөх үүднээс Орост дарамт шахалт үзүүлж, эдийн засгийн болон бусад төрлийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. Тавдугаар сарын 17-ны өдөр гэхэд л Канадын Сенат ОХУ Украин руу халдсантай холбоотойгоор Владимир Путин болон өндөр албан тушаалын 1000 орчим хүнийг Канад руу нэвтрэхийг хориглох тухай хуулийн төслийг танилцуулжээ.
"Путиний дэглэмийн хамсаатан, гол холбоотнууд, тэр дундаа өнөөгийн түрэмгийллийн төлөө хариуцлага хүлээх хүмүүсийг Канад руу нэвтрэхийг хориглох нь Оросыг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хариуцлагад татах олон аргуудын нэг" хэмээн Канадын Нийгмийн аюулгүй байдлын сайд Марко Мендичино мэдэгджээ.
Дайн үргэлжилсээр байгаа тул барууны орнууд Оросын эсрэг төдийгүй энэ улсын удирдагч, түүний ойрын хүрээллийнхний эсрэг өргөн цар хүрээтэй хориг тавих болсны нэгээхэн жишээ нь энэ юм. Үүнээс хэд хоногийн өмнө, Британи улс хэвлэлүүдээр "Путиний амраг" гэгддэг Алина Кабаева, Путиний эхнэр асан Людмила Путина зэрэг 11 хүний эсрэг хориг тавьсан байна. Өмнө нь АНУ Алина Кабаевагийн эсрэг хориг тавих хувилбарыг авч хэлэлцсэн ч "Путинийг хилэгнүүлэхийг хүсээгүйн улмаас энэ санаагаа орхисон" гэж Wall Street Journal мэдээлж байв. Кабаевагийн эсрэг Британи хориг тавьсан нь түүний эсрэг улс орон хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн анхны тохиолдол юм.
WSJ: Путин, Кабаева, тэдний хүүхдүүд
АНУ Оросын гэмт хэргийн нотолгоог цуглуулна
Орос Украинд үйлдсэн дайны гэмт хэргийг мөрдөн шалгах, баримт нотолгоог цуглуулах, олон нийтэд дэлгэх зорилгоор шинэ хэлтэс байгуулсан талаар АНУ-ын Төрийн департамент мэдээллээ.
Энэ хэлтэс нь Украинд Орос улс үйлдсэн дайны гэмт хэрэг болон бусад гэмт үйлдлүүдийн баримтыг цуглуулж, дүн шинжилгээ хийж, олон нийтэд зарлах үүрэгтэй аж. Мэдээллийг нээлттэй болон арилжааны эх сурвалжуудаас цуглуулж, цаашлаад иргэний болон эрүүгийн хэрэг мөрдөн шалгахад ашиглах юм байна.
Төрийн департаментын мэдээлснээр, энэ хэлтсийн ивээл дор "Оросын хуурамч мэдээллийг няцаах, гэм бурууг ил болгох" зорилготой сайт ажиллах гэнэ.
Энд дуулгахад, Оросын армиа Украины нутаг дэвсгэр дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл удаа дараа гарч байгаа ч ОХУ үүнийг няцаадаг юм. Харин сүүлийн үед Оросын цэргүүд зэвсэггүй иргэнийг хөнөөсөн, дээрэм тонуул хийснийг батлах дүрс бичлэгүүд гадаадын хэвлэлүүдээр ихээхэн тархаж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ