Дайны 125 дахь өдөр: Кременчугт амиа алдсан хүний тоо нэмэгдэв

Украины эсрэг Орос өдүүлсэн дайн мягмар гарагт 125 дахь өдрөө үргэлжлэв. Оросын арми хөрш орныхоо суурин газруудыг эзлэх оролдлогоо үргэлжлүүлж, харин Украины Зэвсэгт хүчин болон бүс нутгийн хамгаалалтын отрядууд хариу эсэргүүцэл үзүүлсээр дайны ээлжит нэг өдөр өнгөрлөө.
Кременчугийн худалдааны төвд пуужингаар цохилт өгсний хор уршиг
Даваа гарагт Оросын арми Украины Полтав мужийн Кременчуг хот руу пуужингаар довтолж, хоёр пуужин хаяснаас нэг нь "Армстор" худалдааны төвийг онож, 16 хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Оросын пуужин Украины худалдааны төвийг онож, 16 хүн амиа алдлаа
Урьдчилсан мэдээллээр, цохилтын улмаас 16 хүн амиа алдсан гэсэн тоо гарч байсан бол мягмар гарагт энэ тоо нэмэгдэж, Кременчуг хотод Оросын пуужингийн цохилтын улмаас 20 хүн амиа алдаж, 59 хүн гэмтэж, 40 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.
Мягмар гарагийн үдэш худалдааны төвийн нурангийг цэвэрлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна гэж "Украины үнэн" сонин мэдээлжээ. Мөн энэ өдөр Оросын Батлан хамгаалах яам худалдааны төв байрладаг бүс нутагт цохилт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ энэ худалдааны төвийг "үйл ажиллагаа явуулдаггүй", "хүнгүй байсан" гэх зэргээр Оросын тал мэдэгджээ.
"Путиний цэргийн машин"-ы эсрэг АНУ-ын хориг
АНУ "Путиний цэргийн машин"-ы эсрэг ээлжит хоригоо мягмар гарагт тавилаа. DW агентлагийн мэдээлснээр, Оросын батлан хамгаалах салбартай холбоотой 70 байгууллага, 29 хүний эсрэг хориг арга хэмжээ тавьжээ. Тэр дундаа "Ростех" төрийн корпораци, түүний охин компаниуд шинэ хоригт багтсан байна.
АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр "Ростех" компани Оросын батлан хамгаалах, аж үйлдвэр, технологи болон боловсруулах үйлдвэрийн салбарын гол тулгуур тул энэ корпорацийн эсрэг хориг тавьжээ. Түүнчлэн Оросын зэвсэгт хүчний онгоц, техник худалдан авах, үйлчилгээ үзүүлэх чадварт онцгой ач холбогдолтой гэгдэх "Объединенная авиастроительная корпорация" онгоц үйлдвэрлэх корпораци хоригт багтжээ.
Цэргийн болон иргэний онгоц үйлдвэрлэгчид болох "Туполев", "Иркут", "Авиационный комплекс имени с. В. Ильюшина" зэрэг компаниуд ч АНУ-ын хоригт багтлаа. Хоригт өртсөн эдгээр компаниудтай холбоотой бүхий л ажиллагааг энэ оны наймдугаар сарын 11-нээс өмнө дуусгавар болгохыг АНУ-ын Сангийн яам үүрэг болгожээ.
Шинэ хоригт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюков түүний гэр бүлийнхэн, Батлан хамгаалахын яаманд өндөр албан тушаал хашиж байсан Евгений Васильева, нэр бүхий сэтгүүлч, бизнес эрхлэгчид багтсан байна.
НАТО Европ дахь цэргийн тоогоо нэмнэ
Мягмар гарагт Мадрид хотноо НАТО-ын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ уулзалтад оролцох Жо Байден АНУ Европ дахь цэргийнхээ тоог нэмэхээр болсноо зарлана гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.
"Путин Украин руу халдвал АНУ болон НАТО хямралын үеэр төдийгүй урт хугацааны стратегийн зорилтыг хангахын тулд цэргийн тоогоо нэмнэ гэж Ерөнхийлөгч дайн эхлэхээс өмнө мэдэгдэж байсан" хэмээн Цагаан ордон мэдэгдээд удахгүй нэмэлт хүчээр очсон цэргүүд Европт удаан хугацаагаар байрших бөгөөд энэ нь "урт хугацааны стратегийн зорилттой холбоотой" хэмээн цохон тэмдэглэжээ.
Үүнээс өмнө, НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО цэргийнхээ тоог 40 мянгаас 300 мянга болгон нэмнэ хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ