АНУ: Конгрессын гишүүд цаашид ч Тайваньд айлчилна
2022-08-16

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Хятадын анхааруулгыг үл хайхран Тайваньд айлчилсан нь хоёр орны харилцааг хурцадмал байдалд оруулаад байгаа энэ үед Конгрессын өөр төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилсантай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид АНУ-ыг "нэг Хятад" бодлогыг мөрдөхийг шаардаж, тусгаар байдал, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий алхам хийнэ гэж анхааруулсан юм. 

 

БНХАУ: Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авна

 

Хэдий БНХАУ ийм анхааруулга өгсөн ч АНУ-ын Конгрессын төлөөлөгчид цаашид ч Тайваньд айлчилна, энэ нь "нэг Хятад зарчим"-тай огт зөрчилдөхгүй гэж Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгдсэнийг NBC дамжуулжээ.

 

"Конгрессын төлөөлөгчид олон жилийн туршид Тайваньд айлчилж байсан. Цаашид ч айлчиллаа үргэлжлүүлнэ. Тайваньд Конгрессын гишүүд айлчилж байгаа нь нэг Хятадтай холбоотой манай олон жилийн бодлогод нийцэж байгаа" хэмээн Прайс мэдэгджээ.

 

Түүнчлэн, Нэнси Пелосигийн айлчлалд Хятад "хэт ширүүн" хандаж, цэргийн сургуулилалт явуулсан гэж Нэд Прайс онцолсон байна. 

 

"Бид нөхцөл байдлыг  хурцатгах эрмэлзэлгүй, хямрал гарах шалтгаан байхгүй гэдгийг бид тодорхой ойлгуулсан" хэмээн Төрийн департаментын төлөөлөгч цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгрессын төлөөлөгчид ням гарагт Тайваньд очсон юм. Даваа гарагт тэднийг Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь хүлээн авч уулзсан. Тайвань арал дээр сенатч Эд Марк, Төлөөлөгчдийн танхимын гишүүд болох Жон Гараменди, Алан Лоувенталь, Дон Бейер, Амата Колман Радеваген нар очсон бөгөөд энэ айлчлал нь Пелоси Тайваньд хийсэн айлчлалаас хойш хоёр долоо хоногийн дотор болж байгааа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин