Хятад АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2022-09-19

БНХАУ-ын зүгээс Тайвань руу халдвал энэ арлыг Америкийн цэргийн алба хаагчид хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн талаарх мэдээлэл гарсан. Тайваньд байдал хурцадвал АНУ-ын цэргүүд оролцох эсэх талаарх CBS сувгийн сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан талаар бид мэдээлж байлаа. 

 

Хятад халдвал Тайванийг хамгаалах ажиллагаанд Америкийн цэргүүд оролцоно

Ийм мэдэгдэл хийсний дараа БНХАУ АНУ-д эсэргүүцэл илэрхийлсэн талаар Коммерсант агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Тайванийн асуудал Бээжингийн хувьд "чухал, эмзэг сэдэв" гэдгийг ухамсарлахыг БНХАУ АНУ-д хандан уриалжээ.

 

Түүнчлэн Байдены мэдэгдэлтэй холбоотойгоор эсэргүүцэл илэрхийлээд, тусгаар байдлаа хамгаалах Бээжингийн шийдмэг байдлыг дутуу үнэлэхгүй байхыг уриалж байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Мөн Хятад улс "шаардлагатай бүхий л арга хэмжээг авах эрхийг өөртөө үлдээнэ" хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайвань аралд айлчилсантай холбоотойгоор Тайванийн асуудал ихээхэн хурцадсан юм. БНХАУ энэ арлыг өөрсдийн нутаг дэвсгэр хэмээн үздэг бөгөөд Хятадын эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр Тайваньтай аливаа байдлаар харилцахыг "нэг Хятад бодлогыг зөрчсөн, БНХАУ-ын тусгаар тогтнол, хараат бус байдалд халдсан" хэрэг хэмээн үздэг. Ингээд БНХАУ-ын удаа дараагийн анхааруулгыг үл тоон Тайваньд айлчлал хийсэн Пелоси болон түүний төрөл төрөгсдийн эсрэг Хятадпын эрх баригчид хориг арга хэмжээ авч, АНУ-тай зарим асуудлаарх хамтын ажиллагаагаа зогсоосон юм. Үүнээс өмнө, Пелосигийн айлчлалын өмнө болон дараа нь өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж, Тайванийн зүг сургалтын пуужин харваж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин