Пентагон: Олон нийтийн санал асуулга нь Оросын арми хүндхэн байдалд орсон гэдгээс анхаарал холдуулах гэсэн арга
2022-09-21

Олон улсын эрхзүйгээр Украины нутагт тооцогддог, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Бүгд Найрамдах Донецк Ард Улсад есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд "ОХУ-д нэгдэх олон нийтийн санал асуулга" зохион байгуулахаар болсон талаар бид гадаадын хэвлэл мэдээллүүдээс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн. 

 

Луганск, Донецкийг ОХУ-д нэгтгэх олон нийтийн санал асуулгын тов гарчээ

 

ОХУ ийнхүү эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрээ бүрэлдэхүүндээ багтаахаар зэхэж байгааг олон улс ээлж дараалан эсэргүүцсээр байна. ОХУ арми нь хяналтаа тогтоосон Украины нутгууд дээр "олон нийтийн санал асуулга" явуулахаар төлөвлөж байгааг АНУ эрс шүүмжлэн, энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.

 

"Украины эзлэн түрэмгийлэгдсэн нутаг дэвсгэрүүдэд Орос улс санаархаж байгааг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нутгуудыг Украинаас өөр хэнийх ч гэж бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Оросын үйлдлийг эрс эсэргүүцэж байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. ОХУ төлөвлөсөн энэ "олон нийтийн санал асуулга нь олон улсын эрхзүйгээр баталгаажсан тусгаар байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчмыг гутаан доромжилж байна" хэмээн Салливан онцолжээ. Үр дүнг нь ч хуурамчаар гаргана гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

Түүний араас АНУ-ын Батлан хамгаалах яам ч байр сууриа илэрхийлжээ. Украины эзлэн түрэмгийлэгдсэн нутагт "олон нийтийн санал асуулга" явуулах нь "Оросын тактикийн нэг хэсэг" хэмээн АНУ-ын БХЯ үзсэн байна.

 

"Энэ нь Оросын цэргүүд хүндхэн байдалд орсон гэдгээс анхаарал холдуулах гэсэн мэдээллийн ажиллагаа л төдий" хэмээн Пентагоны албан ёсны төлөөлөгч, баригадын генерал Пэт Райдер мэдэгдээд АНУ энэ санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Украиныг дэмжсэн хэвээр байна хэмээн онцолжээ.

 

Түүнчлэн ХБНГУ ч Украины нутагт "олон нийтийн санал асуулга" явуулахыг эсэргүүцэж, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж канцлер Олаф Шольц Нью-Йорк хотноо  сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

 

"Ийм хуурамч санал асуулгууд байж боломгүй, санал асуулга явуулах өнхцөл нь олон улсын эрхзүйд нийцэхгүй"  хэмээн Шольц цохон тэмдэглэжээ. 

 

ОХУ санал асуулга явуулахаар болсонтой холбоотойгоор олон улс ийнхүү эсэргүүцэж байгаагийн дээр Оросын эсрэг дахин хориг тавьж болзошгүй байна. Тухайлбал, Украины эзлэгдсэн нутгийг эгнээндээ нэгтгэхээр олон нийтийн санал асуулга явуулах болсонтой холбоотойгоор Европын холбоо Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлэхийг үгүйсгэхгүй гэж Жозеп Боррель мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"Орос, түүний улс төрийн удирдлага болон энэ "олон нийтийн санал асуулга"-д хамааралтай, Украин дахь олон улсын эрхзүйг зөрчсөн хэрэгт буруутай хүн бүхэн хариуцлагад татагдана. Үүний зэрэгцээ Европын холбоо ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг авч үзнэ" хэмээн ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ. 

 

Ийнхүү олон улс энэхүү санал асуулгыг эсэргүүцэж байгаа бол хараахан эхлээгүй байгаа санал асуулгад саналаа өгөхийг хоригдлуудаас шаардаж байгаа гэх мэдээлэл гарсан байна. "Можем объяснить" гэх телеграм сувагт мэдээлснээр, албан ёсоор эхлээгүй байгаа олон нийтийн санал асуулгад эзлэгдсэн нутгуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байгаа санал өгөхийг хоригдлуудаас шаардан шахаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг сэтгүүлчид Ростов мужийн хоёр хорих газраас авсан эх сурвалжтайгаар дамжуулжээ. Эхний ээлжинд Украины паспорттой хоригдлуудыг шахаж байгаа бөгөөд цаашлаад бусад хоригдлуудаас ч санал авах байх гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Олон жил зовоосон болохоор хүмүүс нь харин ч дуртай өгч байгаа юм биш үү 8 жил дайнд байсан хүмүүс цаашдаа тайван байхыг хүснэ биз дээ
2022-09-26
Отгооо:
Ийм нөхцөл бдлтай санал асууллага ч гэж юу бхв. Аргаа барж бнадоо
2022-09-21
Эвгүй сданууд шүү
2022-09-21