Иранд эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 30 гаруй хүн амиа алджээ
2022-09-23

"Хижабаа буруу өмссөн" гэдэг шалтгаанаар цагдаагийнханд баривчлагдаж, удалгүй нас барсан 22 настай Махса Амини бүсгүйн үхэлд цагдаагийнхан, төр засгийг буруутгасан олны эсэргүүцэл зургаа дахь өдрөө үргэлжиллээ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа энэ эсэргүүцлийн арга хэмжээ Ираны 30 муж, 100 хотод болж байгаа талаар Фокс Ньюс агентлаг мэдээлжээ. 

 

Анхандаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, бүсгүйчүүд хижабаа шатаан, үсээ тайрч эхэлсэн энэ эсэргүүцэл яваандаа засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл болон хувирч эсэргүүцэгчид цагдаагийн болон төрийн байгууллагуудын байрыг шатааж байгаа аж. Үүний хариуд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглан, эсэргүүцэгч олон руу буудаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Эмх замбараагүй байдал үүссэний улмаас 31 хүн амиа алдсаны дотор тав нь цагдаагийн алба хаагч байгаа аж. 

 

Эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон хувирсан тул Иранд үүрэн холбооны интернетийг салгасан байна. Түүнчлэн эсэргүүцэлд оролцох нь хууль зөрчсөн хэрэг, бүх жагсагчид шүүхийн өмнө зогсоно гэж Ираны Тагнуулын яам есдүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн байна.

 

ЗАЛУУ БҮСГҮЙН ҮХЛИЙН ДАРАА ИРАНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЛД НЭГДЭЖ, ХИЖАБАА ШАТААЖ БАЙНА

Ираны эмэгтэйчүүд Тегеранд эсэргүүцэл зохион байгуулж, засгийн газрын эсрэг уриа лоозон барин жагссанаасаа болж ихээхэн хохирол амсчээ. Iran Wire сонины мэдээлснээр, жагсагчдыг нулимс асгаруулагч хий, галт зэвсэг ашиглан хүчээр тараасан бөгөөд есдүгээр сарын 18-ны байдлаар уг жагсаалд оролцож байхдаа цагдаагийн хүчирхийлэлтэй тулгарсны улмаас 38 хүн шархдаж, тав нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол гурав нь галт зэвсгийн шарх авчээ. Ираны олон эмэгтэй эсэргүүцэл илэрхийлэн хижабаа шатааж, үсээ тайрч эхэлсэн байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Shuud.mn
Сонин хачин