Энэтхэгт гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 141 болжээ
2022-10-31

Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид гүүр нурсны улмаас олон хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Даваа гарагийн өглөөний мэдээллээр, амиа алдсан хүний тоо 90 гэж байсан ч энэ тоо дахин нэмэгджээ.

 

ВВС агентлагийн мээдэлснээр, Энэтхэгийн баруун хэсэгт байх Гужарат мужид дүүжин гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 141-д хүрсэн байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй бөгөөд учир нь одоогийн байдлаар сураггүй болсонд тооцогдож байгаа хүн олон байгаа гэнэ.

 

Цагдаагийнхны мэдээлснээр, гүүр нурсны дараа 170 хүнийг аварсан, 15 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Дивали баяр тэмдэглэхээр эцэг эхчүүдийн хамт ирсэн хүүхдүүд олон байсан аж.

 

Морби хотын Мачха голын гүүр хагас жилийн хугацаанд засвартай байгаад саяхан нээсэн байна. Харин ням гарагт баяр тэмдэглэхээр олон хүн энэ гүүрэн дээр цугларсны дараа гүүр нуржээ. Эрх баригчдын мэдээлснээр, гүүрэн дээр болон ойр орчимд нь 500 орчим хүн цуглан, Дивали баяр тэмдэглэж байсан гэнэ.

ВИДЕО: Энэтхэгт гүүр нурж, 90 хүн амиа алджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин