Туркэд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж, олон хүн амиа алдав
2022-11-14

Ням гарагт Туркийн Истанбул хотод халдлага болж, зургаан хүн амиа алдаж, олон хүн шархадсан эмгэнэлт хэрэг болжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийсэн байна. 

 

"Манай улсын холбогдох байгууллагууд энэхүү аймшигт халдлагад буруутай этгээдүүдийг хайхаар ажиллаж байна" хэмээн Эрдоган мэдэгджээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Истанбулын Истикляль хэмээх жуулчид болон нутгийн оршин суугчид ихээр цугладаг гудамжинд энэ дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн гэж Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай мэдэгдсэн байна.

 

"Амиа золиослогч нь эмэгтэй хүн байсан, тэр бөмбөг дэлбэлсэн. Энэ бол алан хядах ажиллагаа. Үүний улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадсан, хоёр хүний биеийн байдал хүнд байна" хэмээн Туркийн дэд Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, дөрвөн хүн дэлбэрэлтийн улмаас газар дээрээ амиа алдсан бол хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Алан хядах ажиллагаатай холбоотойгоор хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Энэхүү дэлбэрэлтийг алан хядах ажиллагаа гэж сэжиглэж байгаагаа Эрдоган ч мэдэгдсэн юм. Тэрбээр Балид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахынхаа өмнө нисэх буудал дээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдэгдэл хийхдээ буруутай этгээдүүдийг шийтгэнэ хэмээн хатуу анхааруулсан байна.

 

"Энэ хэрэгт буруутай этгээдүүд шангаа амсана. Туркийг, турк ард түмнийг терроризмоор эзлэх гэсэн оролдлого өнөөдөр ч маргааш ч бүтэхгүй" хэмээн Эрдоган мэдэгдсэн байна.

 

Дэлбэрэлт болсны дараа Истикляль гудамж болон ойролцоох дүүргүүдийг хаасан гэж Евроньюс агентлаг мэдээлжээ. Истанбул хотод аюулгүй байдлыг хангах хүчлэн хамгаалалт зарласан байна. Түүнчлэн болсон үйл явдлын нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, мөрдөн байцаалтын талаарх мэдээллийг нийтлэх, хэргийн газраас шууд дамжуулалт хийхийг эрх баригчид хоригложээ. 

 

Истикляль гудамж өмнө нь ч халдлагад өртөж байлаа. 2015-2016 онуудад Истанбулд болсон цуврал халдлага мөн л энэ гудамжинд болсон бөгөөд тухайн үед алан хядах ажиллагааны хариуцлагыг "Исламын улс" алан хядах бүлэглэл өөр дээрээ авч байв. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө Истанбул хотод томоохон алан хядах ажиллагаа болж байв. Тухайн үед Калашниковын автоматаар зэвсэглэсэн эр Босфорын эрэг дээрх шөнийн клуб руу дайрч орон, гал нээсний улмаас 39 хүн амиа алдаж, 69 хүн шархдаж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ул:
энэ монголын баялгииин нам дагасан өлөн хулгаачуудыг зугаалгааар суга цавниихантайн хамт түрк явуул
2022-11-14
Ffhjkkkk:
Галзуу солиотой хүмүүс л энгийн иргэдийн амь насыг хохироож байна
2022-11-14