Хятад дахь эсэргүүцэл: Цагдаагийнхан жагсаалд оролцогчдыг хайж байна
2022-11-30

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн Хятадын иргэд томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, эрх баригчдын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ төрлийн эсэргүүцэл хатуу дэг журамтай Хятадад нэн ховор үзэгдэл бөгөөд энэхүү эсэргүүцэл ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж олон улсын шинжээчид үзэж байлаа. Тэдний таамаглал зөрсөнгүй. 

 

Сүүлийн өдрүүдэд Хятадад гарсан эсэргүүцлийн жагсаалыг эрх баригчид нь "хорлон сүйтгэх үйл ажиллагаа" хэмээн үзжээ. Улмаар ийм ажиллагааны эсрэг шийдэмгий арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна. 

 

Хөл хориог эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан юм. Шинжаан-Уйгурын Үрүмч хотод орон сууцанд гал гарсны улмаас 10 хүн амиа алдсан нь хөл хорионоос болсон гэж үзсэн нутгийн оршин суугчид ийнхүү нэгдэн эсэргүүцлээ эхлүүлсэн. Үүний дараа бусад хотуудад ч жагсаал цуглаан эхэлж, томоохон хотуудын оюутнууд энэ жагсаалд нэгдэж, засгийн газрынхаа эсрэг, тэр бүү хэл Ши Жинпинийг ч огцрохыг шаардсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байв. Жагсагчид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэхдээ хатуу цензурийг эсэргүүцэж байгаагаа илтгэн цагаан цаас барин зогссоныг дэлхийн хэвлэлүүдээр "Цагаан цаасны хувьсгал" хэмээн нэрлэж байлаа.

 

Эсэргүүцэл дэгдсэн өдрүүдэд Хятадын эрх баригчид ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй бол мягмар гарагт Хятадын  Коммунист намын Төв хорооны Улс төр, хуульзүйн комисс "дайсагнагч хүчний явуулж буй хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг хуулийн хүрээнд шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн мэдэгджээ. 

 

Оролцогчдыг мөрдөж эхэлсэн нь

 

Хятадын эрх баригчид жагсаал цуглааныг "хорлон сүйтгэх ажиллагаа" гэж нэрлэн, шийдэмгий арга хэмжээ авна гэж зарласны дараа цагдаагийнхан жагсаалд оролцогчдыг хайж, мөрдөж эхэлсэн талаар Франс пресс агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амралтын өдрүүдэд жагсаалд оролцсон зарим хүнтэй цагдаагийнхан мягмар гарагт холбогдсон гэнэ. Франс Пресс агентлагийн сурвалжлагчтай ярилцсан нэгэн эмэгтэйн өгүүлснээр, Бээжинд болсон жагсаалд оролцсон түүнийг таван найзынх нь хамт цагдаагийнхан хайж ирээд, жагсаалд оролцсон эсэхийг асуугаад, жагсаалыг "хууль бус цуглаан байсан" хэмээн анхааруулсан гэнэ. 

 

Өөр нэгэн оролцогчийг цагдаагийн хэлтэст дуудан, ням гарагт хаана, юу хийж байсан талаараа бичгээр тайлбар өгөхийг шаардсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

"Бид хоорондоо харилцсан зурвасуудаа аль болох хурдан устгахыг хичээж байна. Миний нэг найз дээр цагдаагийн ажилтан ирээд түүнийг аваад явсан байна билээ. Хэдэн цагийн дараа түүнийг явуулсан" хэмээн Бээжин хотод болсон жагсаалд оролцсон иргэн Ройтерс агентлагт ярьжээ.

 

Цагдаагийнхан жагсаалд оролцсонд сэжиглэгдэж байгаа хүмүүсийг хэрхэн олж тогтоож байгаа нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ Хятад улс хүн амаа хянахын тулд камерын тусламжтайгаар мөрдөн шалгадаг системд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулсан талаарх мэдээлэл өмнө нь байнга гардаг байлаа. Тиймээс энэ системийг ашиглаж цаашид жагсаал цуглаан гаргахгүй байх тал дээр цагдаагийнхан ажиллаж байж магадгүй гэж шинжээчид үзсэн байна.

 

Амралтын өдрүүдэд эсэргүүцэл дэгдсэний дараа Хятадын олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээлэлд тавих хяналт улам нэмэгджээ. Олон нийтийн сүлжээнээс эсэргүүцлийг харуулсан дүрс бичлэгүүд утсаж эхэлсэн бол хэвлэл мэдээллийнхэн ковидтой холбоотой асуудлуудыг аль болох мэдээлэхгүй, харин хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хятадын сансар дахь ололтын талаарх сурвалжлагуудаар анхаарал татахыг хичээж байгаа гэнэ.

 

"ЦАГААН ЦААСНЫ ХУВЬСГАЛ" БУЮУ ХЯТАД ДАХЬ ЭСЭРГҮҮЦЭЛ 
 

Хятадад тэг ковид бодлогод дургүйцсэн олон нийт нэгдэж, эсэргүүцэл илэрхийлэх болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ эсэргүүцэл хүчээ авч, Хятадын олон хотод оршин суугчид цуглан ковидын эсрэг хатуу арга хэмжээг шүүмжлэн, эрх баригчдаа эсэргүүцсэн уриа лоозон хашгирч байв. Энэ эсэргүүцэл даваа гарагт шилжих шөнө хүртэл үргэлжилжээ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин