БНХАУ хязгаарлалтуудаа сулруулж эхэллээ
2022-12-05

Коронавирусийн халдвар анх бүртгэгдэж байсан Хятад улс цар тахал эхэлсэн цагаас л хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Дэлхий дахин цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд дасан зохицож, хэвийн амьдралдаа шилжсэн өнөөдөр ч Хятад халдварын дэгдэлтийг дарахын тулд тэг ковид бодлогоо баримталсан хэвээр байна. Харин хатуу хөл хорио, хязгаарлалт дунд гурван жил амьдарсан хятадууд бухимдлаа илэрхийлэн, нэгдэн, эсэргүүцлээ тэмцэж эхэлсэн юм. Улмаар зарим бүс нутгууд хатуу хязгаарлалтуудыг хэсэгчлэн сулруулахаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт зарлаж байлаа. 

 

Хэдийгээр сүүлийн үед Хятадад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр төвшинд байгаа ч ням гарагт томоохон хотуудад хөл хорионы арга хэмжээг сулруулж эхэлсэн байна. БНХАУ-ын эрх баригчид ийм алхам хийхэд өнгөрсөн долоо хоногт тус улсад дэгдсэн олон нийтийн эсэргүүцэл ихээхэн нөлөөлсөн юм. 

 

Ням гарагт шинээр батлагдсан халдварын тоо улс даяар буурсан, энэ нь шинжилгээ бага хийсэнтэй зарим талаар холбоотой гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн. Гэсэн ч хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 32 мянга орчим байгаа нь цар тахал дэгдсэнээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. 

 

Хятадад халдварын тоо нэмэгдэх болсон нь ахмад насныхан дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт бага, түүнчлэн Хятадын дотоодын вакцин үр дүн муутай байгаатай холбоотой, тиймдээ ч барууны орнуудад үйлдвэрлэсэн ковидын эсрэг вакциныг ашиглавал илүү үр дүнтэй, халдварын тархалтыг хумихад үр нөлөөтэй байх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна. Гэвч барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцин ашиглахыг БНХАУ-ын дарга Ши Жинпин хориглож байгаа талаар АНУ-ын Үндэсний тагнуулын газрын тэргүүн Аврил Хейнс мэдэгджээ. 

 

"Коронавирусийн тахлаас үүдэн нийгэм, эдийн засгийн таагүй үр дагавар гарч байгаа ч Ши Жинпин баруунаас сайн вакцин авахыг хүсэхгүй, Хятадын вакцинд л найдаж байна. Гэтэл Хятадын вакцин Омикрон хувилбарын эсрэг төдийлөн үр дүнгүй" хэмээн Америкийн тагнуулын газрын дарга мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

БНХАУ гадаадын орнуудад үйлдвэрлэсэн ковидын эсрэг вакцинаас алиныг нь ч дотооддоо бүртгэн, хүлээн зөвшөөрөөгүй, харин эх орондоо үйлдвэрлэсэн вакциныг илүүд үзэж байгаа, гэсэн ч зарим судалгаагаар Хятадын вакцин барууны бэлдмэлүүдтэй харьцуулахад үр дүн муутай байгаа аж. Ингэснээр хязгаарлалтын арга хэмжээг сулруулах нь ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Цаашид ч БНХАУ гадаадын орнуудын вакциныг дотооддоо бүртгэхгүй, энэ нь тус улсын хувьд байж боломгүй хэрэг гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

"Хятад улс барууны орнуудын вакциныг хүлээн зөвшөөрөх магадлал бага. Энэ бол үндэсний бахархлын асуудал, тэд энэ замыг сонговол өөрсдөд нь тун хүнд байна" хэмээн АНУ-ын захиргааны нэрээ нууцалсан эх сурвалж Ройтерс агентлаг ярьжээ.

 

Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Хятадад гарсан олон нийтийн эсэргүүцлийн дараа тус улсын эрх баригчид "тэг ковид" бодлогоо зорилго чиглэлтэй, оршин суугчдад дарамт багатайгаар үргэлжлүүлэхээр шийдэв бололтой. Ням гарагт Бээжин зэрэг томоохон хотуудад ковидын эсрэг хязгаарлалтыг сулруулахаар болсон талаар зарлажээ.

 

Тодруулбал, даваа гарагаас эхлэн худалдааны төв, зах, зоогийн газар, бусад байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхээр болсон байна. Мөн тусгаарлалтын журмыг сулруулах, шинжилгээнд хамруулах болон хязгаарлалтын арга хэмжээг зөөлрүүлэхээр болсон талаар эрх баригчид мэдэгджээ. Тухайлбал, Бээжин хотод халуурах, ханиад, хоолой өвдөхөд уух эм бэлдмэл худалдан авахдаа зайлшгүй бүртгүүлдэг байсан журмыг цуцлахаар болсон байна. Хүмүүс ковидын шинж тэмдгийг нуухын тулд халуун бууруулах эм худалдаж авна гэж болгоомжилсны үүднээс ийм журам тогтоож байжээ. 

 

Мөн нийслэлийн зарим дүүрэгт коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс гэртээ тусгаарлагдахыг зөвшөөрсөн байна. Харин Шанхай өнөөдөр буюу 12 дугаар сарын тавны даваа гарагаас эхлэн хотод нийтийн тээврээр үйлчлүүлэх болон цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахад ковидын шинжилгээний сөрөг хариу шаардахгүй аж. Түүнчлэн Гуанши мужийн нийслэл Наньнин хот метрогоор зорчиход шинжилгээний сөрөг хариу шаардах журмаа ням гарагаас эхлэн цуцалжээ. 

 

Хэдийгээр зарим хязгаарлалтаа сулруулж эхэлсэн ч Хятад ирэх оны гуравдугаар сараас нааш нээлттэй болохгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь ойрын хугацаанд дархлаажуулалтыг идэвхжүүлэх, тэр дундаа бусад насны бүлгүүдтэй харьцуулахад дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт бага байгаа ахмад настнуудыг ковидоос сэргийлэх вакцинд хамруулах нэн шаардлагатай байгаа аж. Тиймдээ ч одоогоор "тэг ковид" бодлогыг цуцлах талаар ярихад эрт, харин эрх баригчид нь энэ бодлогоосоо татгалзахад аажмаар бэлдэж байна гэж олон улсын шинжээчид үзжээ.

 

ХЯТАДАД ДАХИН ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРЧ, ЖАГСАГЧИД ЦАГДААГИЙНХАНТАЙ МӨРГӨЛДЖЭЭ
 

Гурван жилийн хугацаанд хатуу хязгаарлалтан дунд амьдарсан хятадууд тэг ковид бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд олон хотод жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Тэд ийнхүү нэгдэх болсон шалтгаан нь Шинжаан-Уйгурын Үрүмч хотод гарсан гал түймэр байв. Галын улмаас 10 хүн амиа алдсан бөгөөд хатуу хөл хорионы үеэр байраа цоожлуулсан иргэд гадагш гарч чадалгүй амиа алдсан нь хатуу хязгаарлалт тавьж буй эрх баригчдын буруу гэж нутгийн оршин суугчид үзсэн юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин