ЕТ: Канад, Япон дахь хятадууд ар гэрийнхэндээ илгээхээр эм бөөндөн авч байна
2023-01-25
Эмийн санд дугаарлаж буй хятадууд. Фото: The Epoch Times

Хятадад өнгөрсөн оны сүүлээр хатуу хязгаарлалтыг цуцалсны дараа коронавирусийн тархалт эрчимжиж, эмнэлгүүд сул оргүй болж, эмийн сангуудад вирусийн эм дуусаж, чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүдээс иш татан бид өмнө нь мэдээлж байсан. 

COVID-19 эрчимтэй тархсан үед хятадууд хуурамч эмээр өөрсдийгөө эмчилж байна

ЕТ: Бээжинд оршуулгын бараа хомстож, чандарлах зуухнууд ачааллаа дийлэхгүй эвдэрч байна

Ийнхүү коронавирусийн халдвар газар авч, эм тариа хомстсон нөхцөлд хилийн чанад тэр дундаа Канад, Японд суугаа хятадууд эм бэлдмэл бөөндөн авч, эх оронруугаа илгээж байгаа талаар NTD телевиз, The Epoch Times сонины хамтарсан сурвалжилгад өгүүлжээ. 

 

Дээрх хэвлэлийн сурвалжлагчид Ванкувер болон Торонто хотын шуудан хүргэлтийн компаниудаас мэдээлэл авсан бөгөөд тэдний өгсөн мэдээллээр сүүлийн үед хятадууд БНХАУ руу эм бэлдмэл бүхий илгээмж явуулах нь эрс нэмэгдсэн гэнэ. Торонто дахь хятад супермаркет дахь эм бэлдмэлийн тасгийн худалдааны зөвлөхийн өгүүлснээр, 12 дугаар сараас эхлэн халуун бууруулах, ханиалга дарах эм бэлдмэл авч, эх орон руугаа илгээх хятад хүний тоо огцом нэмэгдсэн аж. 

 

Япон болон дэлхийн бусад оронд оршин суугаа хятадууд ч эх орондоо үлдсэн ар гэрийнхэндээ эмийн хомстолын үед эм бэлдмэл илгээхээр яаравчилж байгаа гэнэ. Хонконг, Макао, Тайвань, Австралийн эмийн сангуудад Tylenol, Advil эмнүүдийг их хэмжээгээр худалдан авч, Хятад руу шуудангаар явуулсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.

 

Хятадууд ийнхүү бөөнөөр худалдан авч байгаа тул халуун бууруулах, ханиалга дарах эмнүүд Японы эмийн сангуудад хомстох болсон гэнэ. Хятад худалдан авагчид халуун намжаах наалт, ханиадны эм, амны хаалт, нүдний дусаалгыг нөөцлөн авч, Хятад руу илгээж байгаа хэмээн Осака хотын эмийн санч The Epoch Times сонинд ярьжээ.

 

Худалдан авах хэмжээнд хязгаарлалт тавьсан нь

Shoppers Drug Mart эмийн санд зарим эмийг худалдан авах тоонд хязгаарлалт тавьсан талаарх сануулга.
Фото: The Epoch Times

Хятадууд ийнхүү эм бэлдмэл хомтсон эх орон руугаа гадаад орноос эм бөөндөн авч, илгээж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орнуудад эмийн хомстол нүүрлэх хандлагатай болсон тул эмийн сангууд худалдан авах хэмжээнд хязгаарлалт тавьж эхэлжээ.

 

Хонконг, Макао, Австралийн эмийн сангуудад өвчин намдаах, халуун бууруулах эм хангалтгүй болж эхэлсэн тул худалдан авах хэмжээнд хязгаарлалт тогтоож эхлэхээс аргагүй болсон гэж Тайванийн Мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна. Хятадууд Панадол эмийг худалдан авч, нутаг руугаа илгээх нь эрс нэмэгдсэний дараа оршин суугчдыг эм бөөндөн авч, хилийн чанад руу илгээхгүй байхыг Тайванийн Тахлын төвийнхөн уриалсан талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.

 

Энэ үзэгдэл дотоодод нь ч эмийн хомстол нүүрлэсэн Канадад ажиглагдаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн үед энэ улсад амьсгалын замын вирусийн халдвар, ханиад томуу эрс нэмэгдсэн үед хүүхдийн тайленол эм болон бусад төрлийн эм бэлдмэл хомстох болсон байна. Тиймээс Shoppers Drug Mart зэрэг томоохон эмийн сангууд эдгээр эм бэлдмэлийг худалдан авах тоонд хязгаарлалт тавьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин