NHK: Хойд Солонгосын хиймэл дагуул сансрын орон зайд гарч чадсангүй
2023-05-31

Лхагва гарагийн өглөө Хойд Солонгос хөөргөсөн пуужин болон өөр бусад объектууд сансрын орон зайд ороогүй гэж Японы Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар NHK суваг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, пуужин нисэх явцдаа радараас алга болж, нэг хэсэг нь Солонгосын хойгийн баруун эрэг орчимд тэнгист унасан байна. Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын пуужинг агаарт дэлбэрсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Энэ мэдээллийн дараа, БНАСАУ тагнуулын хиймэл дагуул хөөргөх үед осол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. "БНАСАУ-ын хиймэл дагуул хөөргөх ажиллагаа амжилтгүй өндөрлөсөн" гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Хойд Солонгос тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд улсынхаа түүхэнд анх удаа тагнуулын хиймэл дагуул хөөргөх гэж байгаа талаараа хөрш орнууд болон холбогдох олон улсын байгууллагуудад мэдээлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор пуужингийн хэлтэрхий Японы нутаг дэвсгэр дээр унах аюултай тохиолдолд Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгосын хиймэл дагуул бүхий баллистик пуужинг устгах арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Мөн ийм зорилгоор Японы арлууд дээр Патриот системүүдийг байршуулсан байв. Ингээд лхагва гарагийн өглөө Хойд Солонгос пуужингаа хөөргөж, Япон, Солонгост шуурхай арга хэмжээ авч онц байдал зарласан ч удалгүй цуцалсан байна.

 

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул хөөргөж, Өмнөд Солонгос, Японд онц байдал зарлав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин