Энэ онд үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнүүдээс 151 медаль хүртжээ
2023-12-18


Улиран одож буй 2023 онд Монголын спортын ертөнцөд тив, дэлхийн болон олон улсын уралдаан тэмцээнд улс орныхоо нэрийг гаргасан шигшээ багийн тамирчдын томоохон амжилтуудыг онцлон дурдаж байна. Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид энэ жил Парисын зуны олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах нийт 103 тэмцээн уралдаанд оролцож, 151 медаль хүртсэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Шигшээ багийн спортын 25 төрөлд 194 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид долоон мөнгө, найман хүрэл медаль хүртсэн нь олимпын өмнөх бэлтгэлжилт ямар түвшинд хангагдаж байгаа илтгэнэ.


Мөн 2023 оны спортын онцлох үйл явдал болсон “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадам болон пара наадмаас дөрвөн алт, долоон мөнгө, 13 хүрэл авсан нь онцгой амжилт. Харин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс найман алт, гурван мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, Залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль өвөртөлсөн нь бахдууштай. Зөвхөн шигшээ багийн тамирчдын үзүүлсэн амжилтыг дурдаж байгаа билээ. 


Түүнчлэн Их дуулгаас дөрвөн алт, зургаан мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бол гранпри тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль, дэлхийн цомоос нэг алтан медаль хүртжээ. Олимп, паралимпын эрх олгох болон бусад тэмцээн уралдаанаас 13 алт, 13 мөнгө, 14 хүрэл медаль, Оюутны Универсиад наадмаас дөрвөн хүрэл медаль хүртжээ.


Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид 151 медаль хүртэхдээ 34 алт, 43 мөнгө, 74 хүрэл медаль хүртсэн амжилтаар 2023 оныг үдэж байна. “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмын найман эрх авсан байгаа бөгөөд жүдо, хүндийн өргөлт, таеквондо, пауэрлифтинг зэрэг оноо цуглуулах болон хэмжигдэхүүнтэй спортын төрлөөр эрх авсан тамирчдыг ирэх онд зарлах юм. 


Одоогийн байдлаар “Парис-2024” олимп, паралимпын эрх авсан тамирчдыг танилцуулж байна. 


1. О.Есүгэн Буудлага 
2. Б.Отгонболд Байт харваа             
3. О.Есүгэн Бокс 50 кг 
4. Д.Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг 
5. Э.Дэлгэрмаа Чөлөөт бөх 68 кг 
6. С.Жамбалжамц Дугуй 
7. Д.Сэлэнгээ Пара байт харваа 
8. Б.Оюун-Эрдэнэ Пара байт харваа

Shuud.mn
Сонин хачин