ХАМАС бүлэглэл олзны гурван хүнийг харуулсан дүрс бичлэг түгээжээ
2023-12-19

ХАМАС, Израил дайтсанаас сар гаруйн дараа хэлэлцээ хийж, нийтдээ найм хоногийн хугацаанд гал зогсоох үеэр ХАМАС бүлэглэлд олзлогдсон 240 орчим хүний 100 гаруйг нь суллаж байсан. Энэ бүлэглэлийн олзонд үлдсэн израилчуудын төлөөлөл гурван хүнийг харуулсан дүрс бичлэгийг ХАМАС бүлэглэл түгээжээ. 

 

The Jerusalim Post сонины мэдээлснээр, дүрс бичлэг дээр Газын зурваст байгаа олзны израилчуудын төлөөлөл болох гурван ахимаг насны эр өөрсдөд нь тулгарч буй бэрхшээлийн талаар ярих аж. Тодруулбал, 79 настай Хаим Пери, 80 настай Йорам Мецгер болон 85 настай Амирам Купер нар "хүнд нөхцөлд зовж шаналжм байгаа", эрүүл мэнд нь муудаж байгаа талаар ярьсан байна. "Та нар биднийг эндээс суллах хэрэгтэй" хэмээн тэд дүрс бичлэг дээр өгүүлжээ.

 

Энд дуулгахад, сөргөлдөгч талууд дахин хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг суллах талаар ярилцаж магадгүй гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр гарч байгаа юм. Тухайлбал, The Times of israel сонины мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилын тагнуулын дарга Катарын төлөөлөгчидтэй уулзан, Газын зурвасаас олзны хүнийг олноор нь суллах хэлэлцээрийн талаар авч хэлэлцсэн байна. Энэ хэлэлцээр хэрэгжвэл Израилын шоронгуудад байгаа Палестины өндөр албан тушаалын хүмүүсийн оронд ахимаг насны эрчүүд, бусад иргэдийг суллах боломжтой аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин