Олзны хүмүүсийг суллах Израилын саналыг ХАМАС хүлээж авсангүй
2023-12-21

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдахдаа 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 гаруй хүнийг барьцаалсан. Улмаар олзны хүмүүсийг суллах хэлэлцээр 11 дүгээр сарын сүүлээр болж, талууд нийт найман өдөр гал зогсоосноор 100 орчим хүнийг ХАМАС бүлэглэлийн олзноос суллаж байлаа. 

 

Харин үлдсэн хүмүүсийг суллах тал дээр Израил долоо хоног гал зогсоосны хариуд тодорхой тооны хүмүүсийг суллах хэлэлцээ хийх саналыг ХАМАС бүлэглэлд тавина гэсэн мэдээлэл лхагва гарагт олон улсын хэвлэлүүдээр гарч байв. Харин энэ саналыг ХАМАС бүлэглэл хүлээж аваагүй гэж The Wall Street Journal сонин мэдээлжээ. Сөргөлдөгч талуудын дунд зуучлагчаар ажиллаж байгаа Египетийн талын мэдэгдсэнээр, олзны хүмүүсийг суллах талаар хэлэлцэхээс өмнө эхлээд гал зогсоох шаардлагатай гэж ХАМАС мэдэгдсэн аж.

 

Гэхдээ ХАМАС ийнхүү татгалзсан нь хэлэлцээр бүтэлгүйтсэн гэсэн үг биш, харин Израилын талыг илүү их буулт хийхэд шахалт үзүүлэх стратегийн алхам гэж WSJ онцолсон байна.

 

Израилын тавьсан саналд эмэгтэйчүүд, хүүхдүүд болон эмчилгээ шаардлагатай ахмад насны эрчүүд зэрэг 40 хүнийг суллаж, үүний хариуд Газын зурваст долоо хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг тусгасан байв. Үүний зэрэгцээ ХАМАС-тай хамтран ажилладаг Исламын жихад бүлэглэл олзны 100 хүний оронд хэдэн мянган хоригдлыг суллахыг шаардсан гэсэн мэдээлэл гарчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин