АНУ-д 48 жил шоронд ял эдэлсэн эрийг цагаатгажээ
2023-12-21

АНУ-ын шүүх шоронд 48 жил ял эдэлсэн 71 настай Глинн Симмонсыг цагаатгажээ. Энэ талаарх мэдээллийг Ассошейтед пресс агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Симмонсыг хийгээгүй хэргийнх нь төлөө одоогоос 48 жилийн өмнө шийтгэсэн аж. Тодруулбал, 1975 онд түүнийг хүн амины хэрэгт буруутган, ялын дээд хэмжээ оноож, 1977 онд ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Олон жил бусдын хэргийн төлөө шоронд суусан, гэм буруугүй байсныг шүүх тогтоосноор 71 настай эр суллагдахаар болжээ.

 

Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, Глинн Симмонс хийгээгүй хэргийнхээ төлөө 48 жил нэг сар, 18 хоног ял эдэлснээрээ АНУ-ын түүхэнд шүүхийн алдаанаас болж хамгийн удаан хоригдсон хүн болж байгаа аж. Тэрбээр суллагдсаныхаа дараа шүүх хурал болсон Оклахома мужаас 175 мянган долларын нөхөн төлбөр шаардах эрхтэй болох юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин