Хятадад хиймэл оюун ухаанаар бичсэн роман тэмцээнд түрүүлжээ
2023-12-21

Хятадад бүс нутгийн тэмцээнд хиймэл оюун ухаанаар бичсэн роман анх удаа түрүүлжээ. Энэ талаарх мэдээллийг South China Morning Post сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Цинхуа их сургуулийн Сэтгүүлзүй, холбоо харилцааны сургуулийн профессор Шэнь Ян хиймэл оюун ухааны тусламжтайгаар гурван цагийн дотор роман бичжээ. "Роботуудын дурсамжийн хот" нэртэй романы зохиол, бичвэр, зургийг хиймэл оюун ухаан бүтээсэн бөгөөд Шэнь 66 удаа засаж залруулах чиглэл өгч байсан гэнэ. 

 

Романы эхний хувилбар 43 мянган ханзтай, эцсийн хувилбар нь 6000 ханзтай болжээ. Энэ романд хүмүүсийг оруулдаггүй хориотой хаант улсын тухай өгүүлдэг аж. Ингээд Шэнь романаа Жянсу мужийн Шинжлэх ухааны зөгнөлт зохиолчдын холбооноос зарласан уралдаанд GuiChan нэртэйгээр илгээж, хоёрдугаар байранд оржээ.

 

Уралдааны дүрэмд хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоогүй байсан тул ийнхүү тэмцээнд оролцох боломжтой болсон гэнэ. Ингээд хоёрдугаар байранд шалгарсан Шэнь роман хэрхэн бүтсэн талаар нийтлэл гаргаж, романыг олон нийтэд хүргэнэ гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин