Газын зурвас дахь дайныг зогсоох төлөвлөгөөг Египет танилцуулжээ
2023-12-25

Палестины ХАМАС бүлэглэл болон Израилын хооронд дайн дэгдсэнээс хойш сөргөлдөгч талуудын хооронд хэлэлцээ байгуулахад Катарын хамт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Египет улс энэ дайныг зогсоох төлөвлөгөөг танилцуулжээ. 

 

The Times of Israel сонины мэдээлснээр, гал зогсоох, олзны хүмүүсийг суллах, Палестины засгийн газрыг эмхлэн байгуулах гэсэн заалтыг тусгасан, Газын зурвас дахь дайныг зогсоох гурван үе шат бүхий төлөвлөгөөг Египет танилцуулсан байна. 

 

Эхний шатанд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоож, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахимаг насны эрчүүд тэр дундаа өвчинтэй хүмүүс гэсэн нийт 40 олзны хүнийг суллаж, хариуд нь Израил 120 хоригдол суллах нөхцөлийг тусгажээ. Энэ хугацаанд байлдааны ажиллагаа зогсож, Израилын танкууд ухарч, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж орох аж.

 

Хоёрдугаар шатанд Баруун эрэг болон Газын зурваст технократ засгийн газар эмхлэн байгуулж, ингэснээр Палестины парламентын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах замыг тавих гэнэ.

 

Гуравдугаар шатанд гал бүрэн зогсоож, үлдсэн олзны хүмүүс, тэр дундаа цэргүүдийг суллан, Израил хариуд нь ХАМАС бүлэглэл болон Палестины исламын жихэд алан хядагч бүлэглэлтэй холбоотой хоригдлуудыг шоронгоос суллах талаар тусгажээ. Энэ шатанд Израил Газын зурвасын хотуудаас цэргээ татаж, Газын зурвасаас дүрвэсэн иргэд гэртээ харих боломжтой болох гэнэ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ төлөвлөгөөг Египет танилцуулсан, Израил төлөвлөгөөг эрс няцаагаагүй, тиймээс хэлэлцээр хийхэд энэ төлөвлөгөөг ашиглаж магадгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин