Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан шалгарлаа
2010-12-08

Шилдэг оюутнуудын нэр хүнд, амжилтын баталгаа гэгддэг Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Монгол улсын ирээдүй болсон шилдэг залуусыг шалгаруулан дэмждэг уг хөтөлбөрийн босго жил ирэх тусам өндөрсөж  байгааг зохион байгуулагчид онцолж байна.

2010-2011 оны хичээлийн жилийн Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт  хөтөлбөрт 82 их дээд сургуулийн 427 оюутан материалаа ирүүлж, суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, эссе, ярилцлага зэрэг шат дараалсан  шалгуурын дор шилдэгийн шилдэг 100 оюутан шалгарчээ. Боловсролын салбарыг тууштай дэмжигч Голомт банк энэ жил оюутнуудад олгох тэтгэлгийнхээ хэмжээг 50 хувь нэмэгдүүлж 66,6 сая төгрөг болгосон бөгөөд 2003 оноос хойш  700 гаруй оюутан уг хөтөлбөрт хамрагдаж 400 гаруй сая төгрөгийн тэтгэлэг хүртжээ.

Голомт банкны тэтгэлэгт оюутнуудад Монголын зах зээлд анх удаа нэвтэрсэн Нандин picture карт олгогдсон бөгөөд тэтгэлэг нь сар бүр картанд нь орох юм. Банк санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг 45 оюутан, анагаах ухаан, уул уурхай, мэдээлллийн технологи, сэтгүүлзүй зэрэг бусад салбараас 55 оюутан шилдэгээр шалгарсаны 10 нь хөдөө орон нутгийн оюутнууд байна.

Оюутан хүн амжилттай сайн суралцахаас гадна улс эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулж, олон улсад эх орныхоо нэрийг гаргах  ёстой гэсэн чин эрмэлзэлтэй эдгээр залууст Голомт банк ийнхүү урам өгч, цаашдын амжилтанд нь хурд нэмлээ.

Shuud.mn
Сонин хачин