Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн III чуулган болно
2012-03-27

Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн асуудал нь хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал салбар бөгөөд олон улсын хэмжээнд шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгаа. Монгол Улсын хувьд ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөл байдал урьд урьдынхаас илүү хурцадмал, түвэгтэй болж байна.   Ялангуяа хотын захын хорооллуудад эдгээр асуудал улам бүр гүнзгийрч, эрүүл ахуйн зүй бус дадал зуршил, шаардлага хангаагүй бие засах газар, хязгаарлагдмал усан хангамж, бохирын болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байдалтай хавсран өдөр ирэх тусам монголчуудын амьдрах нөхцөл байдлыг улам бүр дордуулсаар байна.   Одоогоор ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй болон цаашид үйл ажиллагаа явуулах хувь хүмүүс, албан байгууллагууд эдгээр асуудалд улам нарийвчлан анхаарлаа хандуулж дорвитой арга хэмжээ авах цаг иржээ. Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарынхан өөр өөр шийдэл олж, өөр өөр үйл ажиллагаануудыг зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлж байна. Уг чуулганы зорилго нь үр дүнгээ хуваалцах, бусдаасаа суралцах, цаашид харилцан үр ашигтайгаар хамтран ажиллах юм.   Жил бүр зохион байгуулагддаг ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн чуулган нь “Эй Си Эф Монгол” Францын олон улсын байгууллагын санаачлагаар 2009 оноос хойш Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд энэ жил гурав дахь удаагаа болох гэж байна.   Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн чуулган “Хотын захын хорооллын төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, ус, эрүүл ахуйн үйлчилгээний хэтийн төлөв-дэлгэрүүлэх хүчин зүйлс” сэдвээр“Цэвэр орчин, цэнгэг ус - Эрүүл амьдралын баталгаа”уриан дор энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Blue Sky Tower зочид буудалд болно. Энэ удаагийн чуулганыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Эй Си Эф Монгол” Францын олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.   Хоёр өдөр зохион байгуулагдах уг чуулганы эхний өдөр ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарт гарсан шинэ санаачлага, ололт, үр дүн, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна. Чуулганы хоёр дахь өдөр ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн салбарын хэтийн төлөв, цаашид хийх ажлууд, стратеги, хамтын ажиллагааны талаар бүлгийн хэлэлцүүлэг хийх маягаар явагдана.   Чуулганд хувийн хэвшлийн төлөөлөгчид, дотоодын төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүрэг, хороодын засаг дарга нар, хотын захиргааны хэлтсүүд, Монгол Улсын холбоо, нийгэмлэгүүд оролцоно.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин