Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв

img

Ээлжит бусаар өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус тус шийдэж холбогдох байнгын хороонд нь дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуралдааны эхэнд “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ нь ирэх сонгуульд оролцох иргэдийг одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр санал өгүүлэх тухай агуулгатай төсөл юм. Төсөл, Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээлэл болох иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглаж сонгогчийг таньж бүртгэх ажиллагааг зохион байгуулах мөн Улсын Их Хурлын сонгуулийг одоо хүчин төгөлдөр хэрэглэж байгаа иргэний үнэмлэхээр явуулах арга хэмжээ авахыг Засгийн газарт заалгасан тухай заалтуудтай юм. Дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин байнгын хороонд шилжүүлсний дараа Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн зүгээс уг төслийг танилцуулахдаа, Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим иргэний үнэмлэхээр солих ажил техник технологийн бодит шалтгаануудын улмаас хойшлогдсон нь Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн санал хураалтад иргэний цахим үнэмлэхийг ашиглах боломжийг хязгаарласан болохыг дурьдаад, хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд нэгэнт сольж амжихгүй болсон тул уг хуулийн 2 дугаар зүйлийн “2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх” гэснийг “2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх” гэж өөрчлөхөөр тусган боловсрууллаа гэв. Гишүүд дээрх өөрчлөлтийн талаар, энэ ондоо багтаж энэ ажлыг дуусгаж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан бол Н.Батбаяр гишүүн “татвараас иргэдийг бүр мөсөн чөлөөлөх нь зүйтэй” ч гэсэн саналыг гаргаж байв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан иргэний цахим үнэмлэхийг сонгууль дууссаны дараа буюу 2012 оны долдугаар сарын 2-ны өдрөөс хэвлэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хэвлэх үйлдвэрийн хоёр машинаар өдөрт 48 мянган ширхэг иргэний үнэмлэх хэвлэхээр тооцоход шинэчилсэн бүртгэлд хамрагдсан нийт 1,956,709 иргэний үнэмлэхийг хэвлэхэд үйлдвэрлэл эхэлснээс хойш хоёр сарын хугацаа зарцуулна. Хэвлэгдсэн иргэний үнэмлэхийг сум, хороод руу түгээх, иргэдэд олгох ажил хэвлэх ажилтай зэрэг явагдах бөгөөд олгох явцад иргэний хурууны хээг иргэний үнэмлэхний бичил санах ой/чип/-д суусан хурууны хээтэй тулган шалгах ажлыг хийж, 2012 онд багтаан Монгол Улсын иргэдэд иргэний шинэчилсэн үнэмлэхийг олгохоор төлөвлөн ажлаа зохион байгуулж байна юм. Харин хуралдааны төгсгөлд нэлээдгүй санал шүүмжлэлийг дагуулсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн л хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас үргэлжилнэ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ