Байгаль орчны багц хуульд ясанд шаасан хадаас шиг заалт оров
Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах
тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.
Усны тухай хуулиас
Байгаль орчны талаарх багц хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж батлах гэж байна. Энэ багц хуульд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Агаарын тухай зэрэг нийт 10 хуулийн төсөл багтаж байгаа юм. Хуульд шинээр орж байгаа байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн ажиллах журам, орон нутгийн засаг захиргаатай хэрхэн хамтарч ажиллах, Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүрэг, байгаль орчны мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэлдэхүүн зэрэг асуудлыг тодруулж өгсөн байна. Энэ талаар “...шаардлага хангасан байгаль хамгаалагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгоно” гэж заасан нь уулын мухарт гар хоосон, нохой явган байгаль хамгаалагчдын эрхийг ихээхэн нэмэгдүүлж өгчээ. Торгох, буу зэвсэг, унаа машиныг нь хураах эрх мэдэл хомс тэднийг элэг барьж элдвээр басамжлан доромжлох хууль зөрчигчид бишгүй байсанд энэ заалт цэг тавих тустай. Монгол Улсын нутаг дэвсгэр ерөнхийдөө усны 29 ай савд хуваагддаг юм байна. Гэвч тэдгээр нь харж хандах эзэнгүй, дархан цаазат газрынх шиг хамгаалалтын захиргаагүй болохоор хэн дуртай гол усыг бохирдуулж, түүнийхээ хариуд сохор зоосны төлбөр хүлээдэггүй байлаа. Иймээс аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлд хэрэглэсэн бохир усаа Туул голд юүлдэг жишээ Улаанбаатарын арьс ширний үйлдвэрүүдээс эхлээд бэлээхэн бий. Иймээс Усны тухай хуулийн төсөлд усны 29 сав газарт захиргаа байгуулахаар тусгажээ. Сав газрын захиргаа нь усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах, ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны менежментийн төлөвлөгөөг үндэслэн ус ашиглуулах дүгнэлт гаргах, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм. Хамгийн гол нь хуучин Ашигт малтмалын тухай хууль буюу лиценз гэдэг ихээхэн үнэ цэнэтэй цаас тойрсон эмх замбараагүй явдлыг зогсооход чухал ач холбогдолтой заалт багтсан байна. Уг нь эрхэм гишүүн Б.Бат-эрдэнийн санаачилсан урт нэртэй хуулиар уг асуудлыг хумих гэсэн боловч чадаагүй. Харин энэ удаа Усны тухай хуулийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэсэн ясанд шаасан хадаас лугаа заалт орж байна. Үүнийг Д.Зоригт, Г.Батхүү, Л.Болд нарын гишүүд ихэд эсэргүүцэж байсан авч олонхийн дэмжлэгийг нэгэнт олжээ. Одоо нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа болохоор гишүүдийн гуравны хоёрын саналаар босго давж батлагдах нь тодорхой буйзаа. Хачирхалтай нь хууль хэлэлцэх явцад уг заалтын “сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэсэн үг “сав газрын захиргаа санал гаргана” хэмээн цохиж явсныг эрхэм гишүүн Н.Ганбямба барьж аваад ажлын хэсгийнхэнтэй зад заргалдсан байна. Тэд ч хуралдааны протоколтой тулгаад далантаваар бууж өгчээ. Тэгээгүй бол өмнөх Ашигт малтмалын тухай хуулийн аймгийн Засаг дарга 30 хоногийн дотор саналаа ирүүлэх, эс ирүүлбэл зөвшөөрсөнд тооцох амьгүй заалтын уул усаа эзэнгүйдүүлсэн эмгэнэлт тавилан давтагдах байсан биз. 2000 онд батлагдсан Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай хуулийн уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэглэхэд хүндрэл учрах, зарим заалт давхардах зэрэг бэрхшээл гарч байлаа. Мөн ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглах, ан агнууртай холбогдсон харилцааг зохицуулах талаар агуулга нь давхардаж байсан тул нэгтгэн Амьтны тухай хууль болгожээ. Амьтны жам ёсны эрхийг хүндэтгэж, энэрэнгүй хандах гэсэн зүйл ангийг анх удаа шинээр тусгасан байна. Харин Агаарын тухай хуульд агаарыг бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, агаарын чанарын төлөв байдлыг зохих төвшинд байлгах, тэдгээрт хяналт тавих ажиллагааг хамааруулжээ. Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлын менежментийг сайжруулахаар олон улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах болон зохистой аргаар устгах 3R зарчмыг нэвтрүүлэх, аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой болгож, хог хаягдалгүй болон дахин боловсруулж ашиглах технологи ашигласан иргэн, хуулийн этгээдийг урамшуулахаар тусгасан. Мөн Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн болон өмчлөлийн газрынхаа 10 хувиас доошгүй талбайд зохих журмын дагуу мод тарьж, зүлэгжүүлэхээр заажээ. Ийнхүү байгаль орчны талаар багц хуультай болсноор ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтын нэг томоохон хэлбэр болно. Х.Ариунбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ