Баялгийн өгөөжийг хүртээхдээ хөрөнгө оруулалтын орчноо хамгаалъя
Ерөнхий сайд Н.Учрал стратегийн орд эзэмшигчидтэй уулзаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх эрх зүйн шинэ зохицуулалт боловсруулж байгаагаа мэдэгдсэн нь улс төр, эдийн засгийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Мэдээж маш энэ санаачилга нийгмийн шударга ёсны хүлээлт үүсгэж буй. Байгалийн баялаг бол цөөн компанийн өмч биш, нийт ард түмний өмч. Тиймээс стратегийн ордоос бий болсон өгөөжийг иргэд хүртэх ёстой гэсэн зарчмын хувьд маргах зүйлгүй. Гэхдээ зах зээл дээр аливаа бодлого эцэстээ ашигт ажиллагаа, эрсдэлийн тооцоогоор хэмжигддэг учиртай. Тэр тусмаа уул уурхайн салбар бол популизмд хамгийн амархан өртдөг ч хамгийн өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын орчин байдаг. Монголын төр сүүлийн жилүүдэд “Үндэсний баялгийн сан” гэх ойлголтыг бодит механизм болгохыг оролдож байгаа нь зөв чиглэл. Норвегийн жишээг байнга дурддаг нь ч учиртай. Норвеги газрын тосны орлогоо төсвийн богино циклээс салгаж, тусгай хуримтлалын сангаар дамжуулан ирээдүйн үеийн баялаг болгож чадсан. Харин Монголд уул уурхайн орлого төсөв рүү шууд ордог учраас сонгуулийн мөчлөг дагасан халамж, улс төрийн амлалтууд руу урсаж, бодит баялаг хуримтлагдахгүй явсаар өдийтэй золгожээ.
Энэ утгаараа стратегийн ордын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэдэг бол онолын хувьд зөв алхам. Иргэд e-Mongolia дахь дансандаа бодит хуримтлал үүсэж байгааг харж эхэлсэн нь иргэдийн хувьд “баялгаас хувь хүртэнэ” гэдэг ойлголтыг илүү бодит болгож эхэлсэн. Байгалийн баялаг “төрийн дансанд алга болдог” биш “иргэдэд очдог” систем байгуулах оролдлого бол эргэлзээгүй зөв.
Гэвч асуудлын нөгөө тал нь илүү төвөгтэй, тоохгүй өнгөрч болохгүй асуудал зүй ёсоор тавигдаж байна. “Үр өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээнэ” гэсэн өгүүлбэр улс төрийн хувьд маш гоё сонсогдож буй. Харин компаниудын зүгээс ашиг хуваарилалтын босго хэт өндөр тогтох вий гэсэн болгоомжлол давамгай байна. Уул уурхайн салбарын эдийн засгийн суурь логик маш энгийн. Хайгуулын эрсдэл өндөр, хөрөнгө оруулалтын цикл урт, олон жил алдагдал хүлээсний дараа ашиг олж эхэлдэг салбар. Тэр дундаа нүүрс, зэс, алтны үнийн мөчлөг байнга савлаж байдаг учраас компаниудын ашигт ажиллагаа жигд биш. Зарим орд асар өндөр өгөөжтэй байхад, зарим нь зардлаа арайхийн нөхдөг.
Тиймээс бүх орд дээр нэг ижил “60 хувь” гэсэн босго тавина гэдэг эдийн засгийн онолоороо хүртэл маргаантай шийдэл. Учир нь уул уурхайн салбарт татварын ачаалал аль хэдийн өндөр гэж хөрөнгө оруулагчид үздэг. АМНАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, экспортын төлбөр, тээврийн зардал, валютын эрсдэл гээд давхар дарамт ихтэй орчинд дахин “60 хувийн өгөөж” гэсэн хатуу босго орж ирвэл компаниудын хөрөнгө оруулалтын сонирхол эрс буурна гэсэн болгоомжлол бодитой.
Ялангуяа “60 хувьд юу тооцох вэ” гэдэг хамгийн чухал асуулт хэвээр байна. Борлуулалтын орлого уу? Цэвэр ашиг уу? Ногдол ашиг уу? Татварын дараах мөнгөн урсгал уу? Татвар, төлбөрийн суурь нь ойлгомжгүй байвал хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд эрсдэл гэж хардаг. Өөрөөр хэлбэл дүрэм нь тодорхой биш орчинд компаниуд том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж эхлэх нь ойлгомжтой.
Өнөөдөр Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээл дээр Казахстан, Узбекистан, Индонез зэрэг баялагтай орнуудтай өрсөлдөж байна. Хөрөнгө оруулагчид нэг л зүйлийг хардаг. Энэ улсад 20 жилийн дараа ч дүрэм нь хэвээр байх уу? гэдгийг. Хэрэв төр ашгийн дийлэнхийг татаж эхэлнэ гэсэн дохио хүчтэй өгвөл шинэ хөрөнгө оруулалт царцах эрсдэл бий. Тэр үед төрд хуваарилах баялаг ч багасна. Өөрөөр хэлбэл, баялгийг ард түмэнд хүртээх гэсэн зорилго нь зөв ч, баялаг бүтээгчдээ элэгдүүлсэн бодлого урт хугацаандаа өөрөө баялгийн эх үүсвэрээ агшаана гэсэн санаа.
Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн эмзэг парадокс болоод байна
Нэг талд нь ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртэх шударга шаардлага тавьж байна. Нөгөө талд нь компаниуд эрсдэл үүрч хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө амьдрах орон зай хэрэгтэй гэж хэлж байна. Төрийн үүрэг бол энэ хоёрын дунд эдийн засгийн тэнцвэрийг олох учиртай юм. Тиймээс бодлогын хамгийн зөв гарц нь өндөр хувь тогтоохоосоо илүү тогтвортой, ойлгомжтой, урт хугацааны татварын систем байгуулах явдал. Ордын төрөл, ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, олборлолтын үе шат бүрийг ялгаж тооцсон уян хатан механизм хэрэгтэй гэдгийг баялаг бүтээгчид хэлж байна. Олон улсад уул уурхайн татварын системийг зах зээлийн нөхцөлтэй уялдуулж, ашиг өндөр үед төрийн орлого нэмэгддэг, харин үнэ унах үед татварын дарамт нь харьцангуй уян хатан байх зарчмаар зохицуулах хандлага түгээмэл байдаг байна. Хар ухаанаар бол компаниуд ашигтай ажиллаж байж л Үндэсний баялгийн санд төвлөрөх мөнгө нэмэгдэх юм. Товчхондоо хэт өндөр босго тавьчихвал эцэстээ хуваарилах баялаг өөрөө хумигдах эрсдэлтэйг анхаарах ёстой. Харин зөв бодлого, тогтвортой дүрэм, итгэлцэл дээр суурилсан систем байгуулж чадвал байгалийн баялаг үнэхээр нийт ард түмний хөрөнгө болж чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ