“Нарт хорвоод байхгүй нандин сайхан мэргэжил гагцхүү багш хүнд заяажээ” гэсэн үг байдаг. Багшгүй хүн гэж байдаггүй болохоор бид “Төрийн хүн” нэг сэдвийн дор бэлтгэн хүргэж байгаа цуврал материалынхаа энэ удаагийн дугаарт багштай уулзахыг зорьсон юм. Гэхдээ жирийн нэгэн багш эмэгтэйг сонгосон нь Нийслэлийн тэргүүний 84 дүгээр сургуулийн 4б ангийн, тэргүүлэх зэргийн багш Д.Хишигмаа байлаа.
-Юуны өмнө багш хэмээх эрхэм алдарыг хүртэж, ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлснээс яриагаа эхлэе?
-Би удам дамжсан багш. Хүүхэд байхаасаа л багш болно гэж мөрөөддөг байлаа. Аравдугаар ангиа төгсөөд өөр мэргэжил сонгосон ч багынхаа хүсэл мөрөөдлийг дагаад дахин суралцаж, багш болсон доо.
-Өмнө нь ямар мэргэжилтэй байсан юм бэ?
-Ойн техникч.
-Багшийнхаа мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна?
- 30-аад жил ажиллаж байна.
-Энэ хугацаанд хэчнээн шавьтай болсон бол?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй л байна. Ойролцоогоор нэг анги 35 хүүхэдтэй, таван анги төгссөн гэж бодоход 200-гаад хүүхэд байна уу даа.
-Зургаан настнууд сургуулийн босго алхдаг болоод дөрвөн жил өнгөрлөө. Ер нь зургаа болон найман настнууд хоорондох ялгаа их биз?
-Ялгаа байлгүй яахав. Тиймээс багш нар тэдэнд зориулж арга зүйгээ өөрчлөх хэрэгтэй болоод байна.
-Арга зүйгээ өөрчилнө гэдгээ тайлбарлахгүй юу?
-Ер нь зургаан настнууд гэлтгүй бага ангийн сурагчид их сониуч. Энэ насны хүүхдүүд хөвөнд ус шингээдэгтэй нэгэн адил аливаа юмыг тогтоож авахдаа маш сайн. Тэрийгээ заавал биеэр гүйцэтгэж байж илүү их ой тойнд нь тогтож үлддэг. Тиймээс багшийн арга зүйг заавал өөрчлөх хэрэгтэй. Ер нь багш хүн ажилдаа үнэнч, аливаад хөрвөх чадвартай, ур чадвартай, мэдлэгтэй, сэтгэлгээтэй байх ёстой гэж боддог. Багш бид чинь эрдэм сургах гэхээсээ хүмүүжлийн төлөвшил олгох нь хамгийн чухал. Тиймээс хүүхдүүддээ ёс суртахууны болон гоо зүй, мэдлэгийг давхар эзэмшүүлж байх хэрэгтэй тул багш нар өөрийн гэсэн арга зүйтэй байх ёстой.
-Тэгвэл таны арга зүй юу вэ?
-Миний арга зүй бол аливаа зүйлийг биеэрээ гүйцэтгэж хийлгэх, хоёрдугаарт хүүхдийг хүүхдээр нь байлгах, авьяасыг нь хөгжүүлэх. Хүүхдээ төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийн гаргадаг гол алдаа бол хүүхдийг биеийг нь даалгаж сургадаггүй. Заавал хүүхэд бүр математикч болох албагүй шүү дээ. Хүүхэд, бусдыг хайрладаг, хүндэлдэг, тийм л ухааныг төлөвшүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал юм чинь л энэ. Хүүхэд нийгэмтэйгээ харьцах, амьдарч байгаа орчиндоо цэвэр байх уу гэх мэтээс л энэ бүхэн эхэлнэ.
-Сүүлийн үед залуус төрийн албанд орох сонирхолтой болсон ч багш мэргэжлийг сонгох нь бага бололтой?
-Тэр яах аргагүй үнэн. Миний үеийнхэн яах вэ. Амьдрал нэгэнт тогтчихсон. Цалин хөлс нь дээр гомдоллох юм алга. Болж л байна. Мэдээж цалин нэмэгдэхтэй зэрэгцээд юмны үнэ өсчихдөг гээд асуудал байна л даа. Харин залуу багш нарын хувьд багшлах сонирхол муутай, ёстой л өдөр хоногийг өнгөрөөж байх шиг надад санагддаг. Багшийн ажилдаа дургүй, сонирхолгүй бол яаж хүүхдийг хүмүүжүүлэх юм бэ. Бид нарыг залуу байхад хамгийн мэдлэгтэй хүүхдүүд л багш болдог байсан бол одоо мэргэжлүүд дотроос шигшигдсээр байгаа хамгийн муу мэргэжил нь багш болоод байна.
-Тэгвэл залуу багш нарыг ажилдаа дуртай сонирхолтой байлгахын тулд юу хийх ёстой вэ?
-Хүн урмаар л амьдардаг шүү дээ. Тэгж байж цааш явна. Түүнээс гадна хамгийн гол юм чинь шулуухан хэлэхэд цалин мөнгө шүү дээ. Бусад орны жишгийг хараад байхад бага ангийн багш нартаа илүү анхаардаг. Нийгэм нь, эцэг эхчүүд нь багш нарыг хүндлэх хүндлэл илүү байна. Үүнтэй адил залуу багш нарын цалинг арай өөрөөр зохицуулж өгвөл тэд ажилдаа итгэл зүтгэлээр хандах болов уу даа. Яагаад бага ангийн багш хамгийн чухал мэргэжил вэ гэвэл аливаа хүний насан туршийн амьдралын суурь мэдлэгийг тэр л үед олж авдаг юм.
-Ингэхэд таны хүүхдүүдээс мэргэжлийг чинь өвлөж авч байгаа хүүхэд байгаа юу?
-Байхгүй ээ. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү, нэг охинтой. Ёстой нөгөө загасчны морь усгүй гэдэг шиг багш бид нар чинь бусдын хүүхдийн төлөө гэж явсаар байгаад өөрийнхөө хүүхдийг анхаарахаа больчихдог юм байна. Хааяа гэртээ давтлага өгөхөөр манай нөхөр “Өөрийнхөө хүүхдийг тоохгүй айлын хүүхдэд давтлага өгөөд суугаад байх юм. Хүүхэд нь болохоор унтаад л байдаг” гэдэг юм.
-Цаг наргүй ажлын хажуугаар гэрийн ажил амжуулах гээд л хэцүү биз?
-Гэрийн ажил үнэндээ орхигдсон. Миний хамгийн том аз жаргал энэ сургууль. Сургуульдаа ирэхээр гэрээ мартсан Гэсэр болдог.
-Багш нар шохойтой харьцсаар байгаад их хорддог. Дээрээс нь хүүхүүдийн шуугиан дунд толгой тархины өвчтэй болдог ч гэсэн яриа байлаа. Багшийн мэргэжил хүнд үү?
-Яах аргагүй хүнд мэргэжил. Олон жил ажилласан багш нар сүүлдээ хоолойны өвчтэй болдог. Яагаад гэвэл байнга ярьж, хашгирч байдаг болохоор. Харин сүүлийн үед шохой хэрэглэхээ бараг л болиод байна. Манай сургуулийн онцлог нь анхны цахим сургууль. Бид ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, компьютер дээр ажиллаж байна. Энэ нь хүүхдүүдэд ч сонирхолтой, илүү үр дүнтэй.
-Таны төгсгөсөн шавь нар ихэвчлэн ямар мэргэжилтэй хүн болдог вэ?
-Ихэвчлэн урлагийн хүн болдог доо. Багш мэргэжлийг дөрвөн ч хүүхэд сонгосон байдаг. Ер нь математикч гэхээсээ илүү урлагийн хүмүүс чинь зүүн, баруун тархиа зэрэг хөгжүүлж чадсан хүмүүс байдаг юм гэсэн.
-Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн нөлөө хамгийн чухал биз дээ?
-Хүүхдийн хүмүүжил гэдэг бол гэр бүлтэй шууд холбоотой. Миний хувьд багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан харьцаа үүсгэж, эцэг эхчүүдтэй нь тулж ажилладаг. Тэрний үндсэн дээр нэг ангийн хүүхдүүд нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй болдог. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь сул болсон юмуу гэж боддог. Хамгийн гол зорилго нь мөнгө болж. Мөнгөний араас хөөгөөд хүүхэдтэйгээ хамт байх цаг нь бага. Тийм хүүхдийн сурлага ямар байх вэ. Хүүхдүүд сурах үйл ажиллагаа эзэмшээгүй байна. Их залхуу, бэлэнчилэх сэтгэлгээтэй болж.
-Багш нарыг хүүхдүүдээс мөнгө татдаг, бэлэг сэлт авдаг гээд гомдлууд салдаггүй. Ер нь мөнгө татахгүй байж болдоггүй юм болов уу?
-Яах аргагүй сүүлийн арван жилд ийм зүйл яригдах болсон. Үүнийг ойлгодог хүн байна, ойлгохгүй хүн бас байна. Есдүгээр сарын 1, багш нарын баяраар хүүхдүүд, эцэг эхчүүд чихрийн цуглуулга бариад ирэхийг би сэтгэлийн юм гэж боддог. Харин сургуулийн засвар зэрэгт өгсөн төсөв хүрэлцдэггүй тул эцэг эхчүүдээс мөнгө татах асуудал бий. Хүүхдээ тав тухай орчинд сургахын тулд анги тохижуулах нь зөв биз дээ.
-Бид нарыг бага байхад багш сурагчдаа гар хүрэх, нэг тоншоод авах зүйл байдаг байлаа. Харин одоо багш нь сурагчдаа гар хүрвэл хүүхдийн эрх гээд олон зүйл яригдах болж?
-Бид нар багшлах эрхийн үнэмлэхтэй болсон. Хэрэв хүүхдэд гар хүрвэл тэр үнэмлэх дээрээ ёс зүйгүй багш гэсэн "тамгатай" болно шүү дээ. Хэтрүүлж хэлэхэд бид ч шоронд ороход бэлэн болсон. Хүний эрх гэдэг асуудал хөндөгдөөд л . Ер нь манай монгол хүүхдүүдүүд захиргаагүйгээр байна гэж байхгүй. Багш хүн цохиод авах бол байх л хэрэг. Би ч хааяа шавь нартаа гар хүрчихдэг л юм. /Инээв/
-Гар хүрэхийн оронд үг хэлээр ойлгуулах тал дээр илүү ажиллах нь зөв юм биш үү. Бүр хүүхдийг зодож шийтгэдэггүй өдөр гэж хүртэл байгаа шүү дээ?
-Мэдээж эхлээд хэлж ойлгуулахыг бодно. Гэхдээ байнга хүүхдийг үглэж загнахын оронд бичгээр хүмүүжүүлэх нь зүгээр юм шиг санагдаад байгаа. Тухайлбал, зурагтаа асаах гээд очихоор нь "Хичээлээ хийсэн үү, нэг анхаар" гэсэн бичиг зурагтынхаа өмнө наасан байх жишээтэй. Охин маань дөрөвдүгээр анги, энэ аргыг туршиж үзсэн, үр дүнтэй юм билээ.
-30 гаруй жил бага ангийн хүүхэдтэй ажиллаа. Залуу багш нар, эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр юуг илүү анхаарах ёстой юм бол?
-Дээр үеэсээ монголчууд хүүхдийг их зөв хүмүүжүүлж ирсэн. 0-3 настай хүүхдийг "хаан мэт өргөмжил", 3-6 настай хүүхдийг "хатан мэт тойгло", 6-12 насанд "харц мэт дагуул", 13-18 насанд "хань мэт зөвлө" гэсэн үг байдаг. Багш, эцэг эхчүүд хүүхдийг яаж хүмүүжүүлнэ хүүхэд яг л тийм хүн болно. Багш бол хүүхдийн толь. Багш ямар бичнэ яг тэгж бичдэг. Бид нарын үед нэг ангийнхан бүгд адилхан бичгийн хэвтэй байдаг байлаа. Одоо бол үгүй ээ. Сууршил байхгүй байна. Эцэг эхчүүд нүүж суухад, хүүхэд нэг сургуулиас нөгөө сургууль руу, гадаад дотоод руу шилжиж байна. Багш солигдоно гэдэг хүүхдийн сурлага, хүмүүжилд муугаар нөлөөлдөг.
-Ярианыхаа төгсгөлд асуухад төрийн хүн гэж ямар хүн байх ёстой вэ?
-Төрийн хүн ажилдаа үнэнч байх ёстой. Аливаа зүйлийг үнэн шударгаар хэлдэг. Бусдыг шүүмжилдэг, өөртөө ч бас шүүмжлэлтэй хандаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ