Б.Бат-Эрдэнэ: Ийм хуульд ач холбогдол өгөхгүй хэрнээ ховордсон ан амьтны талаар яриад байна
УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны хурал дээр Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохиуцуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. Дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хурлын үеэр Байнгын хорооны гишүүдтэй санал зөрөлдөж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнээс уг хуулийн төслийн ямар асуудлыг эсэргүүцэж байгаа талаар цөөн асуултад хариулт авлаа.
- Дөнгөж сая Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдлээ. Та энэ үеэр Байнгын хорооны гишүүдтэй санал зөрөлдөж байгаагаа илэрхийлсэн. Ямар зүйл дээр санал нэгдэхгүй байгаа юм бэ? - Өнөөдөр нэг ширхэг мод огтолбол хууль бусаар агнавал иргэн хүн шүүхийн өмнө дуудагдаж байгаа. Гэтэл өнөөдөр ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байгаа алт эрднэсийг гар аргаар ухаад авч байгаа хүмүүст ямар хариуцлага тооцохгүй байна. Өнөөдөр ховордсон ан амьтан ургамал Монгол орны хамгийн үнэт зүйлс. Гэтэл энэ бүхнийг хавчсан буруутай үйл ажиллагаа бол хамгийн хуучирсан зах замбараагүй байдлаар явагдаж байгаа уул уурхайн үйлдвэрлэл. Энэ үйл ажиллагааг хязгаарлая гэсэн хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Ийм хуульд ач холбогдол өгөхгүй хэрнээ ховордсон ан амьтан, ургамал хамгаалах талаар яриад байна. Юмыг заавал эх үндсээс нь яридаг. Бид энэ бодлогоо их тодорхой болгох хэрэгтэй гэдгийг би саяны хурал дээрээ яриж байна.
- Таны санал зөрөлдөж байгаа гол зүйл юу юм бэ? - Ховордсон ан амьтан, ургамалын худалдаалах асуудал дээр хариуцлагыг нь чангатгая гэдгийг би дэмжиж байна. Гэхдээ өнөөдөр төрийн аливаа заалт Үндсэн хуулийн зарчмыг баримталж, хуулийн өмнө тэгш байдлаар эрхээ эдлэж, хариуцлага хүлээх ёстой. Би үүнийг л хөндөж ярисан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ