“20 орчим хувиар эдийн засаг өснө гэж зарлах нь сонгуулийн шоу биш үү”

img

УИХ-ын өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ дагуу нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн анхаарлыг ирэх оны улсын төсвийн төсөөллийг гаргахдаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 20 орчим хувиар тооцоолсон нь бодит үзүүлэлт мөн үү гэсэн асуудал байлаа. Дээрх асуудлыг өмнө УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороон дээр мөн гарган тавьж байсан юм. Гишүүдийн зүгээс “Дэлхий дахинд эдийн засгийн байдал амаргүй байна. Зарим бүс нутаг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаасаа бүрэн гараагүй байгаа. Грек, Испани, Фортугали зэрэг оронд сахүүгийн хямрал, Еврогийн бүсийн орнууд тэдгээрийг хямралаас гаргах гарц эрэлхийлж байна.  Энэ санхүүгийн хүндрэл даамжирч 2008 оны дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралыг давтаж болзошгүй гэдэг анхааруулга өгч байхад импортоос 90 хувь нь хамааралтай Монгол Улсын эдийн засаг 20 орчим хувиар буюу том үсрэлт хийнэ гэж зарлаж байгаа нь сонгуульд зориулсан улс төрийн шоу юм биш үү” гэж байв. Засгийн газраас өргөн барьсан уг төсөөллийн төслийн талаар Сангийн сайд Д.Хаянхярваа тайлбарлахдаа “Ирэх жил Оюутолгойн ордын үйлдвэр ашиглалтад орно. Үүнийг түшиглэн төсөөллийг гаргасан. Гэхдээ бидний энэ төсөөллөөс доогуурт эдийн засгийн өсөлт гарах төлөв бий гэдгийг тооцоолсон” гэв. Харин энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал “Цаг хугацаа байгаа учраас төсвийн хүрээний мэдэгдлээ засч залруулж болно” гэсэн нь нэлээд олон гишүүний эгдүүцлийг хүргэж харагдав. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Монгол Улсын гадаад өр хэдэд хүрээд байгаа вэ. Энэ талаар сүүлийн үед олон янзын мэдээлэл гарч байна” гэсэн юм. Түүний асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч “2011 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар Монгол Улсын гадаад өр нийт дүнгээрээ 9.6 тэрбум ам.доллар байгаа. Үүнд хувийн хэвшлийн байгууллагуудын гадаадаас авсан зээл ч багтаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар, төв банкны өр  орсон дүн. Харин 2012 оны эхний улиралд гадаад өр хэд хүрээд байгаад гаргаагүй гэдэг хариулт өглөө. 2014-2015 оны төсвийн төсөөллийг тойрсон хэлэлцүүлэг үргэлжилж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ