Модон бөмбөгийн тамирчид азин элсний наадамд орж байна

img

Азийн элсний спортын 2 дугаар наадам 2010 оны 12 сарын 08-ны өдөр Оман улсын нийслэл Мускат хотноо Ал Сээб Корникэ наран шарлагын газар эхлэж нээлтийн ёслолын ажиллагаанд Оман улсын ерөнхий сайдын орлогч Саяид Фад Махмуд али Сайд, Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Рогге, Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Ахмед нарын хүндэт зочид оролцов.Тус наадамд нийтдээ 45 орны баг тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж байна. Монгол улс нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр модон бөмбөг, триатлон, бодибилдинг зэрэг төрлүүдээр оролцож байгаа юм.

Модон бөмбөгийн спортын төрлийн тэмцээн 12 сарын 10-13-ны өдрүүдэд болох ба Монгол улсаа төлөөлөн Доржийн Байгальмаа- “Сүүт буйлс” ХХК-ний ажилтан, Г.Сугарбаяр- Мон-алтиус БТДС-ийн оюутан нарын 2 тамирчин ганцаарчилсан төрөлд  өрсөлдөж эхэллээ. Монголын Модон бөмбөгийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа тус наадамд олон улсын шүүгчээр АОЗөвлөл, ЗБХорооны урилгаар оролцож байна. Монголын шүүгчээс гадна Тайвань, Тайланд, Хонгконг, Оман зэрэг 10 аад орны шүүгчид наадмын наадмын модон бөмбөгийн тэмцээнийг шүүн явуулах болжээ.

Индонез улсын Бали хотноо 2008 онд болсон Азийн Элсний Анхдугаар наадмын модон бөмбөгийн эрэгтэй төрөлд Сингапурын тамирчин Нг, Еов Фум, эмэгтэй төрөлд Тайваны тамирчин Су, Пэй Жу нар түрүүлж алтан медаль хүртсэн бол эрэгтэй багийн төрөлд Малайз, Тайланд, Тайвань, эмэгтэй багийн төрөлд Тайвань, Тайланд, Индонез улсын багууд эхний 3-н байрт орж байжээ.

Одоогоор Азийн элсний спортын 2 дугаар наадмыг БНХАУ, Ирак, Оман, Сирь зэрэг улсын баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд нийт 8 орны тамирчид медаль хүртээд байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ