АН-ЫН ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ НЬ АН ӨӨРӨӨ

img

 

Ардчилсан намд өнөөдөр Засгийн газарт орох боломж гэхээсээ илүү сөрөг хүчин байх боломж нь том сорилт болжээ.

2024 оны сонгуулиар 42 суудал авч, парламент дахь хоёр дахь том улс төрийн хүчин болсон АН 2025 оны тавдугаар сард Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газраас МАН-ын Бага хурлын шийдвэрээр шахагдан гарсан. Тухайн үед МАН хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр АН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэр гаргасан юм. Хуралд оролцсон МАН-ын Бага хурлын гишүүдийн 61 хувь нь уг шийдвэрийг дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, АН засагт хамтрах эсэхээ өөрөө шийдэж, улс төрийн зарчмаар гарсан гэхээсээ илүү хамтрагч нь хаалгаа хаасны дараа сөрөг хүчний суудалд буцаж ирсэн нам. Гэтэл улс төрд хаалганы цаана үлдсэн бүхэн сөрөг хүчин болчихдоггүй. Сөрөг хүчин байна гэдэг эрх баригчдын алдааг хүлээж суухын нэр биш, тэдний алдааг улс төрийн хариуцлага болгон хувиргах чадвар юм. Одоо харин Н.Учралын Засгийн газрын хувь заяа яригдаж эхлэхтэй зэрэгцэн АН-ыг дахин хамтарсан Засгийн газарт орох гэж байна гэх яриа улс төрийн хүрээнд тархав. Нэг хэсэг нь үүнийг эрх баригчдын дотоод хуваагдлыг зохицуулах хувилбар гэж харж, нөгөө хэсэг нь АН доторх албан тушаалын сонирхолтой бүлэглэлийн хүсэлтэй холбож тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол одоогоор улс төрийн хүрээнд эргэлдэж буй таамаг. Харин АН-ын бүлгийн дарга Б.Түвшин арваннэгдүгээр сарын 2-нд хамтрах тухай ямар ч яриа хэлэлцээ болоогүй, Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэл нэг талаар АН-ын байр суурийг тодорхойлж байгаа ч нөгөө талаар намын дотоод улс төрийн хамгийн том зөрчлийг ил гаргаж буй юм. АН эрх баригчидтай хамтрахгүй гэж мэдэгдэж байгаа ч өөрийнхөө доторх ашиг сонирхлуудтайгаа хэрхэн тэмцэхээ хараахан харуулж чадаагүй байна.

АН-ын өнөөгийн байдлыг ойлгохын тулд нэг сонирхолтой зөрчлийг анзаарах хэрэгтэй.

Н.Учралын Засгийн газрыг огцруулах бичигт 41 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий. Энэ нь 42 суудалтай бүлгийн хувьд бараг бүрэн нэгдсэн байр суурь шиг харагдаж байгаа. Гэвч яг энэ бүлэг шинэ даргаа сонгосны дараа дэд дарга нараа тодруулах гэж хоёр долоо хоногийн турш хуралдаж чадалгүй, ирцийн гацаанд орсон. Аравдугаар сарын 26-нд болсон хуралд ердөө гуравхан гишүүн ирсэн тухай мэдээлэл ч бий. Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурах амархан байж болох ч 42 гишүүнээ нэг ширээнд суулгаж, нэг бодлогоор хөдөлгөх яагаад ийм хэцүү байна вэ? Аравдугаар сарын 12-нд болсон бүлгийн даргын сонгуульд Б.Түвшин 24, Х.Тэмүүжин 17 санал авсан. Өөрөөр хэлбэл, бүлгийн даргын сонгууль хүртэл хоёр өөр улс төрийн сонголттой байгааг нь харсан. Арваннэгдүгээр сарын 2-нд дэд дарга нараа шинэчлэн Ж.Баярмаа, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нарыг томилсон нь зохион байгуулалтын хувьд ахиц мөн. Гэхдээ албан тушаалын бүтэц шинэчлэгдлээ гээд улс төрийн нэгдмэл байдал бий болчихгүй юм. АН-ын бүлэгт дарга олон тэгээд улс төрийн нэг чиглэл, нэг дуу хоолой, нэг зорилго байхгүй бол 42 суудал гэдэг ердөө л 42 тусдаа улс төрийн карьер болж хувирч ч болно. АН-ын дотор МАН-тай хамтран ажиллах сонирхолтой улстөрчид бий гэх яриа өнөөдөр шинээр гарч ирсэн зүйл биш. Өмнөх хамтарсан Засгийн газрын үеэр ч албан тушаал, нөлөө, бодлогын шийдвэр гаргах оролцооны төлөөх өрсөлдөөн ил байсан.

Харин энэ удаа Засгийн газарт хамтрах тухай яриа дахиад л гарахад АН-ын дотоод фракцуудын сонирхлыг үгүйсгэх аргагүй. АН 2024 онд хамтарсан Засгийн газарт орсноор сөрөг хүчний байр сууриа алдсан. Улмаар 2025 онд хамтрагч намынхаа шийдвэрээр Засгийн газраас гарсан. Тэр хугацаанд АН-ын доторх зарим улстөрч засагт оролцохын өгөөж, сөрөг хүчин байхын улс төрийн үнэ цэнийг хооронд нь ялгаж салгаж чадсан эсэх нь өнөөдөр ч асуултын тэмдэг хэвээр байна. Улс төрийн хамгийн үнэтэй алдаа гэдэг сонгогчдынхоо итгэлийг эрх мэдлийн ширээний ард суухын тулд үрэх явдал байдгийг АН хангалттай харуулсан. АН-ын хувьд 2024 оны сонгуулиар авсан 42 суудал бол эрх баригчдын засаглалд хяналт тавих асар том боломж байсан. Гэтэл тэр боломжоо хамтарсан Засгийн газрын ширээний ард сууж, сайдын суудал, яамдын хуваарилалт, улс төрийн тохироон дунд гээсэн. Одоо дахин ийм сонголт хийх гэж байгаа бол сөрөг хүчнээс хүсэх хүлээлт үгүй болно бизээ.

Б.Түвшингийн сонголт бол зүгээр нэг даргын сэлгээ биш, АН-ын дотоод эрх мэдлийн өрөг дээрх шинэ нүүдэл. Тэрбээр 41 гишүүний санал хураалтаас 24 дэмжлэг авч сонгогдсон. Гэхдээ бүлгийн дарга болох, сөрөг хүчнийг манлайлах хоёр тэс өөр чадвар. Сөрөг хүчний лидер гэдэг заавал чанга дуугардаг, микрофон булаадаг, өдөр бүр хэвлэлийн хурал хийдэг хүн байх албагүй ч эрх баригчдын өмнө улс төрийн байр сууриа тулгаж, олон нийтийн бухимдлыг бодлогын шаардлага болгож, намынхаа дотоод зөрчлийг нэг чиглэлд зангидаж чаддаг байх ёстой. Б.Түвшингийн хувьд бүлгийн даргын суудалд очсон эхний өдрүүдээсээ л хэтрүүлэхгүй, хэвийхгүй ажиллана гэсэн зарчим ярьсан. Энэ нь тайван, төвийг сахисан удирдлагын өнгө аяс байж болох ч улс төрийн сөрөг хүчний манлайлалд дан ганц төвийг сахих байр суурь хангалтгүй хийгээд хүчгүй харагдаж ч мэднэ. Эрх баригчид төсөв, татвар, эдийн засгийн бодлогын алдаа гаргаж байхад сөрөг хүчин тэднийг шүүмжлэхээс гадна өөрийн бодлогын хувилбарыг сөргүүлэн тавьж, улс төрийн санаачилгыг гартаа авах ёстой. Харин сөрөг хүчний бүлгийн дарга өөрөө намынхаа дотоод фракцуудын дунд байр сууриа тогтоож чадахгүй бол эрх баригчдад хяналт тавих нь бүү хэл, өөрийн бүлгээ удирдахад хүч хүрэхгүй болох нь ч бий. Тэгэхээр сөрөг хүчний лидер гэдэг улс төрийн нөлөөллийн хэмжүүр гэдгийг Б.Түвшин гишүүн анзаарч байгаа болов уу?

126 гишүүнтэй парламентын хувьд Засгийн газрыг огцруулахад нийт гишүүний олонх буюу 64 санал шаардлагатай. АН-ын 41 гарын үсэг бол улс төрийн хүчтэй дохио мөн боловч Засгийн газрыг дангаараа унагах саналын тоо биш. Тиймээс АН-ын дараагийн алхам зөвхөн гарын үсэг цуглуулахдаа биш эрх баригч намын дотоод зөрчлөөс хэдэн гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэх вэ, бусад нам, эвслийн төлөөлөл ямар сонголт хийх вэ гэдгээс хамаарна. Гэхдээ АН-д энд нэг том боломж бий. МАН-ын дотоод хуваагдлын аль нэг талд орохгүй, харин Засгийн газрын бодлого, төсвийн зарлага, эдийн засгийн үр дүнг парламентын түвшинд хянах. 2027 оны төсвийн улсын төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 27.94 их наяд, зарлагыг 31.93 их наяд төгрөгөөр тусгаж, зарлага орлогоосоо 3.99 их наяд төгрөгөөр давсан байна. Энэ бол АН-ын хувьд улс төрийн хэрүүлээс илүү бодлогын шүүмжлэл өрнүүлэх бодит сэдэв. АН төсвийн зарлагыг эсэргүүцэж байгаа бол зүгээр л хэт үрэлгэн байна гэж хэлээд зогсох ёсгүй. Аль зардлыг танах, аль хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, төсвийн сахилга батыг хэрхэн сайжруулах тухай өөрийн хувилбарыг гаргаж ирэх ёстой. Тэгж байж л эрх баригчдын эсрэг зогсож буй нам биш, засаглахад бэлэн улс төрийн хүчин болж харагдана.

Ер нь тэгээд улс төрийн коммуникацын хувьд АН өөрөө улс төрийн сэдвийг тодорхойлж чадахгүй, бусдын үүсгэсэн сэдэвт тайлбар өгч явдаг бол сөрөг хүчний манлайллаа алдсаар байна гэсэн үг.

АН-д албан тушаалын амбиц биш, сөрөг хүчний амбиц хэрэгтэй

АН-ын өнөөгийн хамгийн том асуудал нь МАН-ын Засгийн газарт орох эсэхдээ биш. Харин Засгийн газарт орохгүйгээр улс төрийн нөлөөгөө хэрхэн өсгөх вэ гэдэгт оршино. МАН-ын дотоод зөрчил АН-д боломж олгож байна. Гэхдээ эрх баригчдын хуваагдлаас улс төрийн ашиг хүртэх гэдэг нь тэдний аль нэг талд очиж суухын нэр биш. Харин тэр хуваагдлын дундаас улс орны эрх ашигт хэрэгтэй бодлогын хувилбарыг гаргаж, олон нийтийн итгэлийг өөртөө татахыг хэлнэ. АН-ын дотор сайдын суудалд санаархах хүн ч бий, бүлгийн даргын албан тушаалд хүрэхийг хүсэгч ч бий. Намын даргын суудал, фракцын нөлөө, дараагийн сонгуулийн нэр дэвшилт гээд улс төрийн эрх мэдэл, байр сууриа бэхжүүлэх хүсэл амбиц байх нь жам ёсны хэрэг. Харин энэ бүх амбиц намынхаа нийтлэг эрх ашгаас дээгүүр тавигдах уу гэдэг л асуудлын гол юм. Гэвч эдгээр хувийн амбиц, фракцын сонирхол намынхаа нийтлэг зорилгоос дээгүүр тавигдвал АН-ыг гаднаас нь биш дотоод зөрчил л сулруулна. МАН-д АН-ыг ялах гэж хүч зарцуулах шаардлага ч гарахгүй. АН-ынхан өөрсдөө нэг нэгнийхээ улс төрийн боломжийг хааж орхихоос цаашгүй.

Өнгөрсөн хугацаанд АН хамтарсан Засгийн газарт орж сөрөг хүчний байр сууриа алдсан. Харин одоо сөрөг хүчний суудалдаа эргэн ирсэн ч түүнийгээ бодит улс төрийн нөлөө, олон нийтийн итгэл болгон хувиргаж чадах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. 42 суудалтай намд парламентын хяналт хэрэгжүүлэх, төсвийн өөр хувилбар дэвшүүлэх, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, засаглалын хариуцлагын асуудлаар эрх баригчдыг шахах боломж бий. Гагцхүү энэ боломжоо албан тушаалын тохироо, фракцын зөрчилд үрэхгүй байх хэрэгтэй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ